Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулснаар анх удаа Монголын парламент 126 гишүүнтэй болох нөхцөл бүрдсэн. Үүний 78 гишүүн нь тойргоос сонгогдох бол 48 гишүүн нь намын жагсаалтаар парламентад шууд орж ирнэ. Тиймээс нам дагасан хүмүүсийн ашиг сонирхол хэтэвчнийх нь хэмжээгээр хэмжигдэж байна.

2024 оны сонгууль хаяанд ирж МАН, АН гэсэн томоохон намууд Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар голлон анхаарч байгаа бол парламентад суудалгүй “жижиг” намууд бэлтэй хүмүүсийн хаяа хатавч бараадаж эхэлсэн юм. 30 гаруй жил улс төр хийсэн ч парламентад суудалтай болж чадаагүй намууд 30 гаруй бий. Тэд мөрөөдлөө биелүүлэхээр намаа зарах тохироо хийж байгаа талаар мэдээлэл гарч байна. Намаас гадна намын жагсаалтын эхний “зогсоол”-ууд яалт ч үгүй үнэлэгдэх цаг.

Өмнө нь ХҮН нам жагсаалтаа эрэмбэлэн ханш тогтоож хоёр тэрбумд хүрч байсан талаар дэл сул яриа байдаг. Үнэн ч байж мэднэ. Тэгвэл бусад намууд нь мөнгөтэй хүмүүст намаа зарах хэлцэлд орж, намын дарга мэдээж санхүүжүүлэгч байж таарна. Түүний араас намаа зарсан хуучин намын дарга жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдэнэ гэхчилэн цуваа үргэлжилэх бололтой юм. Парламентад суудалгүй ч олон жил улсын бүртгэлд данстай яваа намуудын ханш өсөж байгаа аж.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Иргэний оролцооны нэгдэл нам байгуулсан бол “тэмцэгч” Б.Жагар Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам байгуулахаар Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ өгсөн бол Монголын либерал намын Б.Амгаланбаатар намын нэрээ Ардчилсан Монгол ялна болгож өөрчлүүлэх хүсэлтийг мөн өгөөд байна. Тус намын ард “Монгол ялна” урианы эзэн Х.Баттулга байгаа гэх мэдээлэл гарах болов. Ардчилсан намтайгаа эв зүйгээ олж чадахгүй бол уг намаар улс төрийн эргэн эрэлт хийх юм байх.

Гандан буурдаггүй Ш.Сайхансамбуу Ардын чуулган нам байгуулах хүсэлтээ мөн л Улсын дээд шүүхэд өгсөн. Удахгүй нэг талдаа шийд гарах биз. Цагтаа Үнэн ба зөв нам байгуулах санхүүжилтийг босгон өгч А.Отгонбаатарыг намын дарга болгож, Нарантуул зах дээр намаа санхүүжүүл хэмээн гутлын лангуу 2-3-аар өгсөн ч Отгонбаатар нь Ш.Сайхансамбуугаа тонгорчихсон. Нам босох санхүүжилтийг нь олгочихоод нам ч үгүй яваа тэрбээр ийнхүү шинэ намтай болохоор зориг шулуудаад байгаа юм.

МАН-ын гишүүнээр олон жил явсан Эрүүл мэндийн дэд сайд асан О.Цолмон улаан батлахаа урж хаячихаад УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Болд нарын үүсгэн байгуулсан ШИНЭН-д дэд дарга болсон. Түүнчлэн Ардчилсан намаас УИХ-ын гишүүн болж байсан Батын Батбаатар З.Энхболдтой зад хэрэлдчихээд цэнхэр батлахаа хогийн саванд хаяж бие даагчийн байр сууринаас хоёр парламентыг өнгөрүүлсэн бол ирэх сонгуулиар ИЗНН-ын даргын жагсаалтаар орж ирэхээр болов. Улс төр дээгүүрээ Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль гэхчилэн өрнөж байгаа бол дунд шатандаа намын наймаа эрчимтэй өрнөж байгаа юм. Мөнгө нь ихэдсэн ч тойрог олдохгүй, жагсаалт бүр олдохгүй МАН-ынхан дараагийн намууд руу сонголт хийхээр сэтгэл шулуудсан гэх. Ямартай ч мөнгөтэй хүмүүс нь хөгжмөө захиалж, нам, намын даргын суудлыг худалдан авч байгаа бол намаа зарж буй хүмүүс нь хоосон үлдэхгүйн тулд жагсаалтын эхний тавд бичигдэх тохироотой нам дагасан наймаа саарал ордон тойрон үргэлжилж байна. Тэдний наймаа хэдэн тэрбумаар хэмжигдэж байгаа бололтой. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу