Монголбанкнаас шинжээчдийн макро эдийн засгийн төсөөлөл (2023 оны II улирлын түүвэр судалгаа)-ийн тайланг танилцуулав. Энэхүү судалгааг 2023 оны тавдугаар сарын 19-нөөс 30-ны өдрүүдийн хооронд банкуудын эдийн засагчид, их дээд сургуулиудын багш нар болон судалгааны байгууллагууд, хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын нийт 26 судлаач (цаашид шинжээч)-ийн дунд явуулжээ. 

Шинжээчид 2023 оны II улиралд эдийн засгийн өсөлт буурч 5.5 хувьд хүрэх бол 2024 оны I улиралд 5.4 хувьд хүрнэ гэж таамагласан байна.  

Инфляц

2023 оны I улиралд Улаанбаатар хотын жилийн инфляц 10.9 хувь болж буурсан нь шинжээчдийн өмнөх улирлын дундаж таамаглалаас 1.6 нэгж хувиар доогуур гарсан байна. Шинжээчид 2023 оны II улиралд инфляц 11.4 хувь, жилийн дараа бага зэрэг буурч 10.5 хувь болно гэж таамаглажээ.

Шинжээчдийн инфляцын таамаглалын тархалтыг авч үзвэл 2023 оны II улиралд инфляц 10-аас 10.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 29.1 хувьтай байна.

Өмнөх улирлын судалгаагаар 2023 оны II улиралд инфляц 12-12.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 28.8 хувь гэж таамаглаж байжээ.

Энэ удаагийн инфляцын таамаглалын нэг үеийн үр дүнг өмнөх түүвэр судалгаануудын таамаглалуудтай харьцуулахад буурах хандлага ажиглагдсан байна. Сүүлийн саруудад
инфляц тогтворжин, буурч байгаатай холбоотойгоор шинжээчдийн инфляцын таамаглал буурсан байх талтай. Тухайлбал, шинжээчид 2023 оны II улирлын инфляцыг өмнөх улирлын судалгаагаар 12.3 хувь гэж таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар 11.4 хувь гэж таамаглажээ.

Эдийн засгийн өсөлт

2023 оны I улиралд бодит ДНБ-ий жилийн өсөлт 7.9 хувьд хүрсэн нь өмнөх улирлын шинжээчдийн дундаж таамаглалаас 4.0 нэгж хувиар өндөр гарсан байна. Ирэх улирлын эдийн засгийн өсөлтийн шинжээчдийн дундаж таамаглал 5.5 хувь, жилийн дараа 5.4 хувьтай байна гэжээ.

Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалын тархалтыг авч үзвэл, 2023 оны II улиралд 5-5.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 23.9 хувь байна. Харин өмнөх улирлын судалгаагаар өсөлт 4-4.9 хувийн хооронд байх магадлал хамгийн өндөр буюу 26.3 хувь байна гэж таамаглаж байжээ.

Бодит ДНБ-ий өсөлтийн таамаглалыг өмнөх түүвэр судалгаануудын таамаглалуудтай харьцуулан авч үзвэл өсөх хандлага харагдсан байна.

2022 оны дунд үеэс эдийн засгийн байдал сэргэж эхэлснээс үүдэн шинжээчдийн эдийн засгийн өсөлтийн таамаглал улирал бүр нэмэгдэж иржээ. Жишээлбэл, шинжээчид 2023 оны II улирлын бодит ДНБ-ийн өсөлтийг өмнөх улирлын судалгаагаар 4.1 хувьд хүрнэ гэж таамаглаж байсан бол энэ удаагийн судалгаагаар 5.5 хувь гарна гэж таамаглажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу