Манай улсад 223 мянган малчин бий. Эдгээр малчдын ердөө 20 гаруй хувь буюу 44,600 нь л нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бол 178 мянга орчим нь огт төлдөггүй.

Тиймээс малчдыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн тохиолдолд улсаас 50 хувийг нь хөнгөлөх тухай хуульд тусгаж, УИХ-аар хэлэлцэж байна. 

Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 21.23-т “Малчин, туслах малчин энэ хуулийн 7.7-д заасны дагуу даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс сар бүр төлнө. Улсын төсвөөс хариуцан төлөх хугацаа 5 жилээс ихгүй байна” хэмээн тусгасан юм. Энэ нь сар бүр НДШ-ээ төлдөг бусад татвар төлөгчдийн дургүйцлийг хүргээд буй. Энэ талаар УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.

“МАЛЧИД БОЛ ӨВ СОЁЛ ТЭЭГЧИД. ТИЙМЭЭС ТӨР БОДЛОГООР ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ”

УИХ-ын гишүүн П.Анужин: 

-Нийгмийн даатгал огт төлдөггүй атлаа 288 мянган төгрөгийн халамжийн тэтгэвэр авч байгаа 195 мянган малчин байна. Өөрөөр хэлбэл, 13 их наяд төгрөгийг халамжийн тэтгэвэрт зарцуулж байгаа юм. Тиймээс 50 хувийг төр дааж, 50 хувийг малчид өөрсдөө төлснөөр тэтгэвэр авах боломж бүрдэж, малчид ирээдүйн баталгаагаа бий болгоно.

Малчид бол өв соёл тээгчид. Таван малаа сааж тараг сүүгээ боловсруулан идээ цагаа хийж, арьс ширээрээ хазаар ногтоо зангидан морь малаа уяж сойн уралдуулж, нэхий арьсаа боловсруулж дээл хувцсаа хийж ирсэн өв уламжлал тээгчид. Иймд төр бодлогоор зайлшгүй дэмжих хэрэгтэй. Хариуд нь малчид мал, махаа сайжруулан тооноос чанарт шилжих хэрэгтэй байгаа юм.

“МАЛЧДЫН НДШ-ИЙГ ТӨРӨӨС ХӨНГӨЛӨХ НЬ ЗӨВ. ТАРИАЛАНЧ, НОГООЧДЫНХЫГ Ч ХӨНГӨЛӨХ ХЭРЭГТЭЙ”

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс хөнгөлөх нь зөв. Үүн дээр нэмээд тариаланч, ногоочдын шимтгэлийг хөнгөлсөн бол бүр илүү сайн байх байлаа. Хөнгөн үйлдвэрүүдээ түүхий эдээр хангаж байгаа салбаруудаа яагаад дэмжиж болохгүй гэж. Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гээд хөтөлбөр гаргаад, дэмжээд ажиллаж байна. Үнэнийг хэлэхэд хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүч маш доройтож байгаа шүү. 

“МАЛЧДЫН НДШ-ИЙГ ЯАХААРАА УЛС ТӨЛДӨГ ЮМ БЭ”

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 

-Энэ заалтаас болж Нийгмийн даатгалын багц хууль унах вий. Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг яахаараа улсаас төлдөг юм бэ. Энэ Үндсэн хуулийн цэцэд очих заалт байна. 

Хэн нэгний сонгуулийн амлалт, мөнгийг улсын төсвөөс гаргана гэж байхгүй шүү. Хэрэв энэ заалт батлагдвал би Үндсэн хуулийн цэцэд хандана. 

“СОНГУУЛЬ ДӨХӨЖ БАЙГАА БОЛОХООР ХЭСЭГ УЛС ТӨРЧИД МАЛЧДААС ОНОО АВАХЫН ТУЛД ИЙМ АЖИЛ ХИЙЖ БАЙНА”

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

Тооцоод үзэхэд, нэг малчнаас 20 гаруй мянган төгрөг хөнгөлөх юм байна. Нийт дүнгээр нь тооцоод үзвэл жилд 200 гаруй тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас гаргахаар байна. 

Малчид өөрсдөө хөнгөлөөд өгөөч гэж огт хүсэлт гаргаагүй, шаардлага тавиагүй юм байна. Гэтэл сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор хэсэг бүлэг улс төрчид малчдаас оноо авахын тулд өөрсдөө санал гаргаж, ийм ажил хийж явна.

Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх нь иргэн бүрийн үүрэг. Нэг хэсэг нь хөлсөө дуслуулан байж олсон цалингаасаа шимтгэлээ төлөөд, тэтгэврээ авч байхад нэг хэсэг нь төрөөс хөнгөлүүлээд адил тэтгэвэр авна гэдэг бол шударга бус.

“НЭГ САЛБАРЫГ НЬ ОНЦГОЙЛОН НДШ-ЭЭС ХӨНГӨЛЖ, ИРГЭДЭЭ ЯЛГАВАРЛАЖ БОЛОХГҮЙ”

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

-Би энэ заалттай санал нийлэхгүй байна. Нэг салбарыг онцгойлоод, татвар төлөгчдийн  мөнгөөр 50 хувийг нь хөнгөлнө гэж байж болохгүй. Энгийн жишээ татахад, хүнд нөхцөлд ажилладаг малчдаа төрөөс харж үзэж байна гэвэл яагаад тариаланчдаа бас дэмжиж болохгүй гэж гэдэг асуудал гарч ирнэ. Иргэдээ ингэж ялгаварлаж болохгүй. Үүний оронд малчдаа бодлогоор дэмжих хэрэгтэй.

“МАЛЧИД НДШ ТӨЛӨӨГҮЙ БАЙСАН Ч НАС НЬ ХҮРЭХЭЭР ТЭТГЭВЭР АВЧ БАЙНА”

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

-Өнөөдөр малчид нийгмийн даатгалын шимтгэл бараг төлөхгүй байна. Тэгсэн хэрнээ нас нь хүрэхээр халамжийн тэтгэвэр авдаг. Гэтэл төлсөн хүмүүс нь тэр хүмүүсээс илүү татвар төлснийхөө үр шимийг хүртэж, илүү тэтгэвэр авч чадахгүй байна. Тэгэхээр малчдыг нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болгохын тулд хөшүүрэг бий болгох ёстой. Тийм учраас хэрэв төлбөл таван жилийн хугацаанд 50 хувийг нь төр даая гэдэг зохицуулалтыг хуульд тусгасан байх гэж харж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу