Гурван арваны түүхэндээ, аль ч нам засагласан эрх мэдэл, нэр нүүрээ алдаагүй компани бол “Бодь интернэшнл”. Өнөөдөр тэр “буухиа” үргэлжилж, тус компани заримдаа төрийн дээр гарчихсан уу гэх бодол төрүүлэх.

Ерөнхий сайдын айлчлалын үеэр өнгөрсөн долоо хоногт “Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа” форум Бээжин хотноо зохион байгуулагдсан.

Тус форумын тээвэр, логистикийн хамтын ажиллагаа салбар хуралдаанд “Бодь Интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Долгормаа “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”, болон Дэд төслүүд болох “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”, “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн холболтын төмөр зам”, “Гашуунсухайт нүүрс ачилтын терминал” зэрэг хамтын ажиллагааны төслүүдээ танилцуулжээ.

“Бодь интернэшнл” өдгөө жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай “Тавантолгой нүүрс ачих логистикийн төв” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд төслийн гүйцэтгэл 70 гаруй хувьтай байгаа аж. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг мөн 2024 оны аравдугаар сар хүртэл хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажил өрнөж буй юм байна.

Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хорооны хурал дээр “нүүрсний” гэх хэрэгтэй холбоотой далд үлдсэн гэрээнүүдийн асуудал дахин хөндөгдөв.

Нийгмийн анхааралд “нүүрсний” гэх хэрэг орж ирсний дараа 2022 оны арванхоёрдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой төрийн нууцад хамаарах есөн гэрээ нээлттэй болсон. Цаана нь далд үлдсэн гэрээнүүд ч бий.

Шалгалтын явцад БНХАУ-ын “Чалко”, “Норинко” компанитай холбоотой хоёр гэрээг хийхдээ аль нэг талын зөвшөөрөлгүйгээр гэрээг ил болговол их хэмжээний торгууль төлөх заалт тусгасан нь хүндрэл учруулж байгаа аж.

Тавантолгойн орд газраас Гашуунсухайт боомт руу төмөр зам тавих бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээг 2019.10.29-нд байгуулсан.

Нүүрс нийлүүлэх гэрээг 2019.11.13-нд байгуулж, гэрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг төлөөлж Н.Удаанжаргал, “Бодь интернэшнл”-ээс А.Амундра нар гарын үсэг зурсан байдаг. Тус гэрээнд төмөр замын төслийн нийт өртөг 1.068 тэрбум ам.доллар, нүүрсний гэрээний дүн 682.2 сая ам.доллар гэж тусгажээ.

Дээрх есөн гэрээнээс “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам” төсөлтэй холбоотой 2, “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам” төсөлтэй холбоотой 2, “Богдхан төмөр зам” төсөлтэй холбоотой 3, усны болон далд уурхайн төслийн тус бүр нэг гэрээ бий.

“Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам”-ын төслийн хувьд уг төмөр зам нь Монгол Улсын стандартаар 3 дугаар зэрэглэлийн зам бөгөөд гол замын урт 416.1 км, дэлгэмэл урт нь 486.6 км.

Төслийн нийт өртөг 1,392.2 тэрбум төгрөг буюу 488.5 сая ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мөнгөн хөрөнгөөр санхүүжүүлсэн нь компанийн санхүүгийн байдал болон 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах боломжид сөргөөр нөлөөлсөн байна хэмээн дүгнэжээ.

“Бодь интернэшнл” өмнө нь төмөр зам барьсан туршлагагүй, тендерт оролгүй шууд төмөр замын нууцын зэрэглэлтэй гэрээ хийсэн асуудал нь өдгөө ч хөндөгдсөөр буй юм. Хэрвээ тухайн үед нууцлалын зэрэгтэй болгоогүй бол энэ булхай эрт илрэх байж. Харамсалтай нь, нууц гэх үгээр олон жил хаацайлж, хариуцлагаас мултарсаар иржээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Анхаарал татаж буй асуудал нь “Тавантолгой-Гашуунсухайт”-ын 240 километр төмөр замын нэг километр замыг яагаад 5 сая ам.доллараар барьсан бэ гэдэг байгаа юм. Бусад жишгүүдийг харахад, “Тавантолгой-Зүүнбаян” төмөр замын нэг км-ыг сая доллар хүрэхгүй мөнгөөр, “Зүүнбаян-Ханги Мандал” төмөр замыг 1,7 сая ам.долларын өртгөөр барьсан.

Гэтэл яагаад “Тавантолгой-Гашуунсухайт”-ын төмөр замыг ийм өндөр өртгөөр барьсан бэ гэдгийг бид болон хууль хяналтынхан бусад субъектүүд шалгах хэрэгтэй. 5 сая ам.долларыг юунд зарцуулсан бэ. Одоо бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн тайлантай танилцах ёстой. Түүний дараа “Бодь интернэшнл” ХХК-ийн санхүүгийн тайланг ил болгож, харах ёстой” гэж хэлж байсныг энд дахин сануулъя.

“Эрдэнэс Тавантолгой” ХК шилэн болж, мэдээллээ ил тод зарладаг болсон. Одоо “Бодь интернэшнл”-ийн ээлж. Тус компанид шалгалт хийж, санхүүгийн тайланг нь ил болговол их зүйл тодорхой болох биз ээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу