Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэн н.Төрболд өнөөдөр (2023.07.03) ээж, аавд нь хилс хэргээр ял оноосон талаар мэдээлэл хийлээ.

Хэрэг одоогоос хоёр жилийн өмнө буюу 2021 онд Хэнтий аймгийн Баян-Адарга суманд болсон бөгөөд нэг нь н.Төрболдынх байж. Хоёр айлын хонь, ямаа нийлсэн даруйд газар дээр нь сумын цагдаа очиж, малыг нь тоолж ялгасан байна.

Дараа нь малаа нийлүүлсэн айл “Найман ишиг дутлаа” хэмээн гомдол гаргаж,  н.Төрболдын аав, ээжийг цагдаад өгчээ. Энэ хэргээр хуулийн байгууллагаас н.Төрболдын аавд хоёр жил зургаан сар, ээжид нь хоёр жилийн хорих ял оноосон байна. 

Иймд н.Төрболд ой хоёр сартай дүү болон 80 настай эмээгийн хамт суулт зарлахаар шийдэж, Улаанбаатарт иржээ.

Энэ талаар тэрбээр “Хоёр айлын малыг салгах үеэр цагдаа ирээд бичлэг хийгээд, ялгасан. Тухайн үед нөгөө айл гомдолгүй гээд явсан. Харин манай 61 хонь дутсан юм. Бид 61 хонь алга болсон талаараа цагдаад гомдол гаргасан ч хэргийг хаачихсан.

Гэтэл дараа нь нөгөө айл ирж, найман ишиг алга болсон байна гээд гомдол гаргаад, аав, ээж хоёрт минь хилс хэргээр ял оноочихсон. 

Ард нь би 80 настай эмээ, гурван дүүгийн хамт үлдсэн. Хамгийн бага дүү маань ой хоёр сартай. Нялх дүү минь юм идээгүй удаж байна. 12 настай дүү мал дээрээ ганцаараа байна. Эмээ минь даралт нь ихэсдэг тул эмчийн хяналтад байдаг. Бидний амьдрал үнэхээр хэцүү байна.

Би эцэг, эхээ хулгай хийсэн бол гомдоллохгүй. Хэнтий аймгийн шүүх, цагдаа, прокурорт итгэхгүй байна. Хөөцөлдөж зөндөө явсан, холбогдох хариуцах хүн олдоогүй. Аргаа бараад Улаанбаатарт эмээ, дүү нараа дагуулаад ирлээ. Энэ хэргийг Хэнтий аймагт үнэн мөнөөр нь шийдэж чадахгүй юм бол энд шийдэх хүртэл нь явна. Талбай дээр суулт хийнэ. Үнэхээр гомдолтой байна. Найман ишиг авсан гэж гүтгээд, 2-2.6 жилийн ял өгсөн нь санаанд ч багтахгүй юм.

Манай улсад сум орон нутагтаа сайхан амьдаръя гээд уриалдаг. Гэтэл бодит байдал дээр нутгийн иргэд нь өөр газраас ирсэн гээд гадуурхдаг. Ээж энэ нутгийнх, аав маань Улаанбаатарынх юм. Тийм учраас нөхөр нь гадных гээд гадуурхаж, дарамтлах тохиолдол олон гардаг. Аав минь мал дээр гарсан эхний хоёр жил морь унаж чадахгүй явган явдаг байсан. Тэр үед л сумын залуус “Ална, хядна”, “Ононгийн мөсөн доогуур шургуулна” гэж дарамталдаг байсан. Өмнө нь хилсээр үхрийн хэрэг тохох гэж оролдож байсан удаатай.

Энэ хэргийг үнэн мөнөөр шийдэгдтэл тэмцэнэ. Төрийн өндөр албан тушаалтнуудад шаардлага хүргүүлнэ” гэлээ. 

Харин түүний эмээ Б.Даариймаа “Айлуудын мал нийлж л байдаг. Тэр үед нь хоорондоо зохицоод ялгачихдаг байсан. Яагаад хурга, ишиг нийлснийг бид мэдэхгүй. Нийлэх үед нь цагдаа дагуулж ирээд ялгуулсан. Бичлэг хийгээд л, ялгаад авч байсан. Тэр үед “нийлсэн хурга, ишгээ бүрэн ялгаад авчихлаа” гэж хэлсэн. Гэтэл дараа нь найман ишиг дутсан гээд хүргэн, охин хоёрыг маань хэрэгтэн болгочихлоо.

Аймгийнхаа цагдаа, шүүхэд маш их гомдож байна. Миний хүүхдүүд өнчин ишиг ч шингээгээгүй байхад хэрэгтэн болгоод шоронд суулгачихлаа. Тэгсэн хэрнээ манай 61 хонь дутсан тухай өргөдлийг дарчихсан. Өдий насалчихаад аргаа бараад хүүхдүүдийнхээ төлөө 600 км цаанаас ирж байна. Суулт зарлана. Амьсгаа хураатлаа л үнэний төлөө зүтгэнэ” гэлээ. 

1 сэтгэгдэл

  1. айл саахалт байж учир зүйгээ эвтэй найртай ололцож болохгүй байгаан байхдаа улайн цайм хүн яллахгүй байлгүй дээ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу