УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.07.03/ хуралдаанаар  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Уг хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор шүүмжлэлтэй хандаж байсан билээ. 

Учир нь хуулийн 22 дугаар зүйлд цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай, эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлөх тухай заалт нэмэхээр тусгасан. Энэ нь уурын зуухнуудын үйл ажиллагааг дэмжсэн заалт байгааг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор хэлж байсан. Энэ удаад ч мөн эл асуудлыг дахин шүүмжилж, дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр “Хуулийн анхны хэлэлцүүлгийг хийхэд УИХ-ын гишүүний эрхээ эдэлж чадаагүйдээ би маш сэтгэл дундуур байгаа. Миний гаргасан зарчмын зөрүүтэй саналыг байнгын хорооны дарга хүлээж аваагүйгээс болоод миний санал хураагдалгүй өнгөрсөн. Тиймээс дахиад хэлье.

Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувиар бууруулна гэдэг амлалт өгсөн. Гэтэл өнөөдрийн орж ирж байгаа хууль үүний эсрэг байна. Шинэ сэргэлтийн бодлогын ард зэрэгцээд, Улаанбаатар хотод түүхий нүүрсний утаа үйлдвэрлэх бодлого оруулж ирж байгаа учраас энэ заалтыг эсэргүүцээд байгаа юм. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хэлэхээр уурлаад, доромжлоод байх юм. Үүний ард ямар эрх, ашиг байгааг ойлгохгүй байна.

Б.Чойжилсүрэн сайдын энэ хуульд оруулж ирж байгаа заалт нь Үндсэн хуулийг зөрчиж байна. Иргэдийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдэж байна.

Энэ заалтаас үүдээд гарах үр дагавар нь бодит амьдрал дээр маш ноцтой. Тийм ч учраас би үүнийг эсэргүүцэж байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу