УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2023.06.27-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг эцэслэн хэлэлцсэн билээ. Энэ хуульд “Малчид нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхөөр бол 50 хувийг нь төр даана” гэж тусгасан. Энэ нь иргэдийн бухимдлыг төрүүлж буй бөгөөд иргэд шударга ёсны зарчимтай нийцэхгүй хэмээн үзэж байгаа юм. Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй гэж Үндсэн хуульд заасан байдаг. Гэтэл энэхүү заалт тэгш байдлыг илэрхийлж байна уу гэдэг нь тун эргэлзээтэй.   

Уг асуудлаар иргэдийн байр суурийг тодруулсныг хүргэж байна.

-“Буруу. Төрийн мөнгө гэж байхгүй шүү дээ. Тэр чинь бидний төлсөн татварын мөнгө. Бид ч ялгаагүй ажиллаж, амьдрах гэж явж байна. Давхар өөр хүний шимтгэлийг төлнө гэж байж болохгүй асуудал”

-“Малчин ч бай, ажилчин ч бай ажилласан татвараа өөрсдөө төлөөд явах нь шударга зүйл байх”-“Яагаад малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг бид төлнө гэж. Энэ тийм ч зөв зүйл биш шүү”-“Малчид орлогын хэм хэмжээгээр өөрсдөө төлөөд явах бүрэн боломжтой байх. Төрөөс даана гэдэг нэг л таалагдахгүй байна” 

гэх мэтчилэн иргэд байр сууриа илэрхийллээ.

Хууль санаачлагчид “Хэрвээ малчин өөрөө нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхөөр бол төр 50 хувийг нь сар бүр төлнө” гэх заалтыг “Энэ нь Нийгмийн даатгалын сангийн бүрдүүлэлтийг дэмжих, малчдын ирээдүйн амьдралын баталгааг хангах чухал заалт” хэмээн тайлбарлаж буй.

Улсын хэмжээнд нийгмийн даатгалын шимтгэл төлөх 220 гаруй мянган малчин байна. Үүнээс 25 хувь нь шимтгэл төлж байна гэсэн судалгаа бий. Харин үлдсэн 75 хувь нь шимтгэл төлөхгүй байгаа учраас малчдын нийгмийн баталгаа алдагдаад байна гэх.

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Хишигбаяр “Эдгээр иргэн нь цаг уурын эрсдэлтэй нөхцөлд ажилладаг учраас нийгмийн даатгалын шимтгэл төлж, нийгмийн баталгаагаа хангуулах шаардлагатай. Тиймээс 50 хувийг нь төр, 50 хувийг нь өөрөө хариуцахаар хуулийн төсөлд оруулсан. Ингэснээр жилд улсын төсвөөс 25 тэрбум төгрөгийн зардал нийгмийн даатгалын сан руу орно. Нийтдээ 88.9 мянган малчны нийгмийн даатгалын шимтгэлийг улс төлөхөөр тооцоо байна” гэж тайлбарласан.

Малчид ард иргэдийнхээ ирээдүйн баталгааны тухай хэлэлцсэн уг асуудал нь зөв боловч гаргасан шийдвэр нь нэг л таагүй. Нийгмийн даатгалын санг бүрдүүлж байгаа аж ахуй нэгж, иргэд эсэргүүцсэн байр сууриндаа бат байх нь ойлгомжтой байна.

Сан нь төлж дийлэхгүй болохоор төсвөөс мөнгө оруулж ирээд, 50 хувийг нь өгчихнө. Гэтэл татвар төлөгч иргэд нь туйлдаад уначих вий дээ л гэж халаглах юм. Цалин тэтгэвэр их биш ч нэмэгдсэн сургаар өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсээр л байна. Иргэд нь таалахгүй байгаа асуудлыг хүчээр баталж, өөрсдийнхөөрөө зүтгэдгээ хэзээ болих юм бол доо. 

А.САЙХАНБАЯР
Гэрэл зургийг Ч.ДАШДОРЖ

1 сэтгэгдэл

  1. Хууль санаачилсан гэж цалингаас гадуур мөнгө авдагаа УИХ гишүүд больвол яасан юм бэ хууль санаачлах та нарын ажил биздээ нэг л их хууль санаачилсан нэртэй дээрэмчид малчид гэж хувийн малтай баян хүмүүс тэд олигтой татвар шимтгэл улсад төлдөггүй бүх орлогоо өөрсдөө авдаг 1’2 хонио зараад бүтэн жилийнхээ ндш төлчих чадвартай сүү саалиа боловсруулаад сарынхаа ндш төлж чадах байтал яахаараа төр даана гэсэн нэрээр бусдын хуримтлуулсан мөнгийг малчид нэртэй хувалзуудад өгөх гэж хөрсөндөө буусан хууль санаачлаарай

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу