Үндэсний их баяр наадам болоход долоо хоног үлдлээ. Өвөл, хаваржин хар бараан мэдээлэл сонссон монголчууд тархиа амрааж, сэтгэлээ баясгахаар Ардын хувьсгалын 102 жилийн ойгоо хүлээж сууна. 

Энэ жилийн наадмын нээлт, хаалтын тоглолтыг Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, найруулагч Э.Оюуны зээнцэр, “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар найруулна.

Өмнөх жилүүдийн наадмын тоглолтыг Н.Наранбаатар, Г.Цоггэрэл, Б.Баатар нар найруулж байсан бол энэ жил залуу уран бүтээлч найруулж, шинэ содон зүйл үзүүлэх нь хэмээн олон нийт хүлээж буй. 

Тиймээс наадмын тоглолтын бэлтгэл ажил хэрхэн үргэлжилж байгаа талаар сурвалжлахаар Төв цэнгэлдэх хүрээлэнг зорилоо. 

-Тайзны засвар дуусаж, тохижилтын ажил ид өрнөж байна-

Манай сурвалжлах баг 17:00 цагийн алдад Төв цэнгэлдэхэд ирлээ. Цоожтой хаалга “мөргөж”, тойрч явсаар баруун хаалган дээр очив. Уран бүтээлчид бэлтгэлээ хэдийнэ эхэлжээ. Дотогш орох гэтэл хамгаалагч нь зогсоож, зураг дарах, бичлэг хийх хориотойг хэлэв. Бэлтгэлийн үеийн зураг, бичлэгийг дэлгэвэл тоглолтын нууц задарчихна гээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг оруулахгүй байгаа аж. Тиймээс камер утсаа цааш нь хийгээд, Б.Анар найруулагчтай уулзахаар дотогш орлоо. 

Тоглолтын тайз, дэлгэцийн засварын ажил ерөнхийдөө жигдэрчээ. Төв цэнгэлдэхийн голд цагаан дугуй хэлбэртэй гурван том тайз зассан байна. Түүн дээр 50 орчим хүн гарч зогсон, бэлтгэлээ хийж байлаа.

Харин цэнгэлдэхийн хаалга, суудлыг цэвэрлэх, эвдэрснийг нь засах зэрэг тохижилтын ажил ид өрнөж байна.

Тэнд ажиллаж буй үйлчлэгч хэлэхдээ “Ойрын үед бороо ороод, ажил хийхэд хүндхэн байгаа ч наадам дөхсөн учир шахуу ажиллах шаардлагатай. Тохижилтын ажлын хажуугаар төв цэнгэлдэхийг ойр ойрхон цэвэрлэж байна. Учир нь морьтой уран бүтээлчид ирэхээр дүүрэн морины баас болчихдог юм” гэлээ. 

-Борооноос болоод тоглолтын бэлтгэлээ хуваарийн дагуу хийж чадахгүй байна-

“Хайрцгаа барь. Аяа сонс…” гэсээр зогсох найруулагчийн багийг зүглэн, Төв цэнгэлдэхийн урд индэрт очив. Б.Анар найруулагчаас ярилцлага авахаар ирснээ хэлэхэд “Бэлтгэл ажил бүрэн дуусаагүй учир яримааргүй байна. Бидэнд цөөхөн өдөр үлдлээ. Бороо ороогүй дээр нь бэлтгэлээ хийх хэрэгтэй байна” гэлээ.

Тиймээс найруулагчийн хажууд хэсэг зогсож, зав чөлөөгөөр нь хэдэн зүйл тодрууллаа.

Наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэл зургадугаар сарын 15-наас эхэлжээ. Энэ жилийн тоглолтод 1500 орчим уран бүтээлч оролцохоор бэлтгэлээ хийж буй аж. Гэвч сүүлийн өдрүүдэд бороо орсны улмаас хуваарийн дагуу бэлтгэлээ хийж чадахгүй байгаа гэнэ.

Энэ талаар найруулагч Б.Анар “Гуравдугаар сарын 1-нээс наадмын нээлтийн судалгааг хийж эхэлсэн. Үндэсний их баяр наадам гэдэг утгаар нь маш их ач холбогдол өгч, бүх анхаарлаа хандуулан багаараа хичээнгүйлэн ажиллаж байна.

Энэ жилийн наадмын нээлт, хаалтыг “Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулна. Эвийн хүчээр мөнхөд тусгаар улс оршино гэдгийг бэлгэдэж ийнхүү нэрлэсэн. Энэхүү утга агуулгаа орчин цагийн урлагийн бүхий л төрлүүдээр дамжуулан нийт зургаан бүлгийн хүрээнд илэрхийлж харуулна. 

Үнэнийг хэлэхэд, сүүлийн хэдэн өдөр бороотой байлаа. Үүнээс болоод хуваарийн дагуу бэлтгэлээ хийж чадахгүй тиймхэн байна. Ханиад, хатгаа авчих вий гээд бороотой өдрүүдэд хүүхдүүдийнхээ бэлтгэлийг хийлгээгүй. Маргааш, нөгөөдөр үргэлжлээд бороо орох шинжтэй гэсэн. Тэгэхээр бид бороогүй өдрүүдэд нэлээд шахуу ажиллах нь. Тоглолтын бэлтгэл ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна даа” хэмээн ярилаа. 

Түүнийг ийн хэлж дуусав уу, үгүй юу дараагийн үзүүлбэрээ бэлдэхээр туслах найруулагч нь “Морьтой залуус ороорой” гээд микрофоноор зарлав. Морьтой уран бүтээлчид ес есөөрөө нэг “хайрцагт” орж, хөгжмийн хэмнэлдээ тааруулан Төв цэнгэлдэхийг тойрч зогсоод, үзүүлбэрээ үзүүлэх ёстой ч нэг л учраа олохгүй байгаа нь ажиглагдлаа. Б.Анар найруулагч ч хажууд “үгээ хэлж” зогсох нь тэр. 

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан  мэдээгээр, энэ долоо хоногийн Баасан гараг буюу долдугаар сарын 7-ныг хүртэл бороо орох төлөвтэй байна. Тэгэхээр уран бүтээлчид бороон дунд бэлтгэлээ хийж, эсвэл 8, 9, 10-ны өдрүүдэд шахуу ажиллаж, тоглолтын бэлтгэлээ гараас гаргах шаардлагатай болох нь.

-Наадмын нээлтийн тоглолт 1 цаг 20 минут үргэлжилнэ-

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөр гарчээ.

Энэ жил уламжлал ёсоор Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэхэд залах ёслол долдугаар сарын 11-ний 09:30 цагт эхэлнэ. Үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх наадмыг нээж үг хэлснээр 11:20 цагаас нээлтийн тоглолт тусгай хөтөлбөрөөр үзэгчдэд хүрэх юм байна. Тоглолт 1 цаг 20 минут үргэлжлээд, 12:40 цагт дуусаж, түр завсарлаад бөхийн барилдааны нэгийн давааг эхлүүлэхээр төлөвлөжээ. Харин хаалтын тоглолт долдугаар сарын 12-ны 21:50 цагийн үед болох аж. Энэ үер л бид 90-ээд оны залуу хүн өмнөх найруулагчдаас илүүг үзүүлж чадах эсэхийг харах нь. 

НААДМЫН ХӨТӨЛБӨРТЭЙ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ.

Х.ТҮШИГ
Гэрэл зургийг Ч.ДАШДОРЖ

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу