Улсын дээд шүүхээс Б.Батбаатарыг Иргэний зориг ногоон намын даргаар бүртгэхээс татгалзжээ. 

Тодруулбал, Өнгөрөгч зургадугаар сарын 5-нд Иргэний зориг ногоон намын Улс төрийн зөвлөл хуралдаж, намын даргаараа Батын Батбаатарыг сонгосон билээ. Улмаар түүнийг намын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хүсэлт гаргасан юм. 

Тэгвэл эл хүсэлтийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн өнөөдрийн (2023.07.03) хуралдаанаар хэлэлцэж, Б.Батбаатарыг Иргэний зориг ногоон намын даргаар бүртгэхээс татгалзжээ. 

Энэ талаар дээд шүүхээс “Иргэний зориг ногоон намын дүрмийн 14.5.2, 22.1.16, 27.4, 28.5-д тус тус нэмэлт өөрчлөлт оруулсныг болон намын даргаар Б.Батбаатар сонгогдсоныг бүртгүүлэх тухай” Б.Батбаатарын өргөдлийг хэлэлцээд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв. Иргэний зориг ногоон намын дүрэмд зааснаар Үндэсний хороог сонгож байгуулах болон намын даргыг сонгох, чөлөөлөх эрх нь намын Их хурлын бүрэн эрхэд хадгалагдаж байх тул 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хуралдсан гэх Үндэсний хорооны хуралдаанаас тус хорооны хурлын гишүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулж, 103 байхаар баталсан болон уг хороо нь мөн өдрийн хуралдаанаар намын даргыг томилсон нь тус намын дүрмийн заалттай нийцэхгүй гэж үзлээ” хэмээн мэдэгдсэн байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу