Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн, Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгө, алтны уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулж дуусчээ. Тодруулбал, тус компанийн захиалгаар Канад улсын Засгийн газрын санхүүжилттэй “Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах” MERIT төслийн санхүүжилтээр олон улсын болон үндэсний зөвлөхүүдээс бүрдсэн төлөвлөлтийн баг 2021 оны есдүгээр сараас 2023 оны тавдугаар сарын хооронд дээрх төлөвлөгөөг хоёр үе шаттай боловсруулж дууссан байна.

“Эрдэнэс силвер ресурс” төрийн өмчит компани Монгол Улсад уурхайн хаалтын менежментийн бодлого, зохицуулалт, хэрэгжилтийг хангах зорилгоор УУХҮЯ, БОАЖЯ-ны дэмжлэгээр Салхитын уурхай хаалтын менежментийн төлөвлөгөө (ХМТ)-г  жишиг төсөл болгон боловсруулж, хүлээлгэн өгөх ажиллагаа өчигдөр (2023.07.03) “Туушин” зочид буудалд болов. Энэ үеэр “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Баярмөнхтэй ярилцлаа.

Салхитын уурхайд хэрэгжүүлсэн MERIT-ийн жишиг төслийн ач холбогдлын талаар ярихгүй юу?

-Бидний хэрэгжүүлсэн хаалтын менежментийн төсөл Монгол Улсад хариуцлагатай уул уурхай хөгжүүлэхэд чухал нөлөөтэй. Нөхөн сэргээлт болон байгалийг онгон төрхөөр нь хадгалах төр засгийн бодлого, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тавьж буй зорилтыг хэрэгжүүлэхэд өгөөжөө өгөхүйц төсөл. Монгол Улсад маш олон уурхай үйл ажиллагаа явуулдаг. “Монполимет” гэх мэт нөхөн сэргээлтээ сайн хийсэн компаниуд цөөн боловч бий. Үүний зэрэгцээ баялгийг нь хүртсэн ч байгалийг онгон төрхөөр нь үлдээх, хадгалах үүргээ биелүүлэлгүйгээр тухайн орон нутгийн иргэдэд үр өгөөжтэй ажиллахгүй орхиод явсан жишээ олон байна. Канад улсын дэмжлэгтэй хэрэгжсэн MERIT төслийн тухайд Монголд хэрэгжсэн дэлхийн жишигт нийцсэн төсөл. Ийм онцлогтой төслийг анх удаа хэрэгжүүлсэндээ баяртай байна.

Олон улсад уурхайн хаалтын төсөөлөл буюу урьдчилсан төлөвлөгөөг хүрз хатгахаас өмнө буюу олборлолт эхлэхээс өмнө боловсруулж батлуулдаг. Өөрөөр хэлбэл, уул уурхайг ашигласны дараа байгалийг нөхөн сэргээх, унаган төрхөөр хадгалахад онцгой анхаардаг. Тэдгээр улсын сайн жишгийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэгч анхны компани болж сонгогдсон нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Салхитын тухайд бусад уурхайд хаалтын менежментээрээ жишиг болохуйц загвар. Хаалтын менежментийг дэлхийн жишгээр хийхэд ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагддаг. Канад улсын санхүүжилттэй төсөл хэрэгжсэн гэдэг утгаараа MERIT зөвхөн хаалтын төлөвлөгөө боловсруулахад техникийн туслалцаа үзүүлсэн. Боловсруулсан хаалтын төлөвлөгөөг батлуулах, сайжруулах, шинэчлэх хэрэгжүүлэх нь “Эрдэнэс Силвер Ресурс”-ын үүрэг байв.

-Салхитын уурхай нийгэм, эдийн засгийн хувьд өөрийн гэсэн онцлогтой төсөл. Төрийн өмчит уурхай хаалтын менежментийн төсөл хэрэгжүүлж байгаа нь олзуурхууштай юм?

-Ач холбогдлын хувьд мэдээж өндөр. Нэгдүгээрт, Монгол Улсад анхны хаалтын менежментийн үйл ажиллагааны төсөл хэрэгжлээ. Хоёрдугаарт, бид дэлхийн жишигт нийцсэн хаалтын менежментийг хэрэгжүүлсэн. Өөр нэг онцлох тал гэвэл бид зөвхөн өөрсдөдөө ашигтай хэлбэрээр хийхгүй. Хамгийн гол нь бусад уурхайнуудад туршлага болохуйц жишиг төсөл хэрэгжүүллээ. Уурхайнуудад Салхитын хаалтын менежментээс суралцах боломж бүрдүүлэх тал дээр анхаарч байна. Монгол Улсын зөвлөх инженерүүд, уул уурхайн мэргэжилтнүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, тэдэнд дэлхийн жишиг хаалтын менежмент ямар байдгийг сургаж яваа нь энэ төслийн бас нэг том онцлог. Товчхондоо дэлхийн жишгийг эх орондоо нутагшуулж байгаа гэж ойлгож болно.

-Салхитын мөнгө, алтны уурхайн олборлолт оргил үедээ хүрсэн үү? Хаалтын зардлаа хуримтлуулж эхэлсэн үү?

-Уурхайн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ээс гадна хаалтын бүх эдийн засгийн нөхцөл байдал, төлөвлөлтөө шинэчилсэн. Шинэ ТЭЗҮ үндсэндээ олон улсын стандартын шаардлага хангасан. Австралийн компани манай шинэ ТЭЗҮ-ийг хийж байна. Энэ шинэ ТЭЗҮ-ээр бид хаалтын менежментийн төлөвлөгөө болон зарцуулах мөнгийг тодорхой болгож өгч байна. Өөрөөр хэлбэл, мөнгөн дүн нь нэмэгдэнэ.

-Шинэ ТЭЗҮ хэзээ бэлэн болох вэ?  

-Бид нөөцөө дахин тодорхойлж байна. Австралийн компани ороод, манай бүх бололцоог судлаад үзэхээр манай дээр нэлээн олон зүйл өөрчлөгдөж байгаа юм. Тухайлбал, манай нөөц нэмэгдэж гарч байна. Хуучин бид ашиглахгүй болсон маш бага хэмжээний агууламжтай хүдрийн овоолгуудыг дахин яаж ашиглах вэ гэдгээ ярилцаж байна.

-Монголбанкнаас гаргасан гурван бондын өрөөс барагдуулсан уу?

-Бид өнөөдрийн байдлаар нийт 268 тэрбум төгрөгийг бондын мөнгөнд өгсөн. 215 тэрбум төгрөгийн өр байсан. Татварт өртэй байсныг дараад дууссан. Одоо бид Монголбанкнаас гаргасан 1, 2, 3 бондын хоёр бондын мөнгийг төлөөд, үлдэгдэл бондын мөнгийг төлөхийн төлөө ажиллаж байна.

-Энэ жилдээ хэдий хэмжээний мөнгө төлөх бололцоо бий вэ?

-Энэ жил бид 100-120 тэрбум төгрөг бондын мөнгөнд өгөх бололцоо бий. Цаашдаа бид улсын татвар буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, АМНАТ-т нийтдээ 170 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Түүнээс гадна бид 180-аад тэрбум төгрөгийн бондын мөнгө төлнө. Ингээд манай нөөц үндсэндээ дуусах тийшээ хандана.

-Нөөц дуусахаар яах вэ? Дараагийн төлөвлөгөөнийхөө талаар танилцуулахгүй юу?

-Нөөц дууссаны дараах төлөвлөгөөнүүд бий. Бидэнд хаягдлын санд байгаа бага агууламжтай хаягдлаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бий. Мөн бид энэ зун шинэ хайгуул, өрөмдлөгийн ажил хийнэ. Манай зүүн талд 1.8 сая тонн алтны нөөц илэрсэн. Өрөмдлөгийн ажлын үр дүнд нөөцөө нэмэгдүүлэх боломж үүсч байгаа юм. Энэ маань нэмэгдээд явбал эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бий.

-Үлдсэн бондынхоо мөнгийг яаж төлөх вэ?

-Энэ асуудал манай дээр босч ирж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хэрэгжиж буй “Овоот хяр” гээд бас нэг том төсөл, алтны орд бий. Энэ орд ойролцоогоор 53 тонн алттай. Исэлдсэн хүдэр нь 4.8 тонн алт, бусад нь анхдагч хүдэр. Бидэнд “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагын зүгээс нэгдсэн зохион байгуулалттай үүрэг авч байж эдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах хувилбар бий.

-Нээлттэй бондын мөнгөнөөс тэтгэврийн зээлд хэдэн төгрөг төлөөд байгаа вэ?

-Тэтгэврийн зээлд нийт 215 тэрбум төгрөг төлсөн. Энэ бол хуучин өр байсан. Үлдсэн мөнгөө хэрхэн төлөх вэ гэхээр Салхитын мөнгөний орд тодорхой хэмжээгээр санхүүжилт босгоно. Шинэ ТЭЗҮ-ээр мэдэгдэж буй хувилбар нь гэвэл улсад төвлөрүүлэх татвар болон бусад цэвэр ашиг нийлээд 350 тэрбум төгрөг. Татвар, бондын мөнгийг санхүүжүүлэх хэлбэрээр улсад өгөх боломж бий. Би сая хэллээ, хаягдлын санд байгаа хаягдлаа эргүүлээд эдийн засгийн эргэлтэд оруулаад, мөнгө олох, зүүн талаас илэрсэн 1.8 сая тонн алтны нөөцийн хувьд дахин хайгуулын ажил явагдана. Эндээс нэмэгдвэл түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бага агууламжтай хүдрээ дахин эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөөнүүд бий. Үүний дараа бидэнд “Овоот хяр” төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах хувилбар бий.

-Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөний үр дүнд орон нутагт хэр их өгөөж үлдэх вэ? Дундговь аймгийн хэчнээн иргэн энэ уурхайд ажиллаж байна вэ?

-Орон нутагт гэхээс илүү Монгол Улсын бүх иргэн энэ ордын ашиг шимийг хүртлээ. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая хүртэлх төгрөгийн өгөөж өгсөн. Ахмадуудын зургаан саяас доош дүнтэй өр төлбөрийг дарлаа. Миний санаж байгаагаар, нийтдээ 162 мянган ахмад энэ хишгийг хүртсэн. Үүн дотор Дундговь аймгийн ард иргэд ч багтаж байгаа шүү дээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Байгалийн баялгийг ард түмэндээ” гэсэн уриа гаргаж, сонгуульд орсон. Энэ хүний дэвшүүлсэн, сонгуулийн амлалт Салхитын мөнгөний ордоор дамжин, ард түмэнд хүрсэн гэж хэлж болохоор байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу