Жил жилийн зун нийслэл хот маань усанд автаж, нуур цөөрөм болох нь холгүй байдаг. Авто замын эвдрэл, хотгор гүдгэр ч гэж тамтаггүй их. Хаа ч алхсан тойрон хүрээлсэн их ус. Ер нь улирал болгон маань нэг нэг том асуудалтай. Утаа, ус, мөс цас гээд л тухайн үедээ маш ихээр анхаарлаа хандуулцгаадаг ч улирал солигдоход тэгэсхийгээд л намжина.

Хотын төв замаар баруунаас зүүн хүртэл иргэдийн тоосго чулуу дамжин гатлах дүр зураг хаа сайгүй. Тэр тусмаа байр орон сууцны хороолол дунд бүр ч их. Борооны ус зайлуулах суваг нь харин явган хүний зам дээр, замын хашлаганы дээр байрлаж байх жишээтэй.

Гурван өдөр бороо орсны эцэст нийслэл хот маань үнэхээр л усан тээвэр явуулах хэмжээний болоод буй. (2023.07.04)-ний байдлаар зам талбайн 120 тонн ус соруулсан тухай мэдээлэл бий. Гэтэл тогтсон ус соруулах биш ус тогтохгүй байхад эртнээс анхаарч ажиллах ёстой биш билүү?

Нэгэн жишээ, Усан парк байгуулна гэж авсан газартаа барилга бариад эхэлсэн. Гэтэл үерийн ус ороод эхлэхээр авто замыг нь сэтлээд гаргачихсан гэж байна. Төсвийн мөнгө нээрэн л уйлдаггүйн тод жишээ энэ байна. Хотын дундуур урсах голын эрэг дагаад хаа сайгүй газар олгосноос эргээ хальж, айл живүүлэхдээ тулчихаад байгаа юм шүү дээ.

Сэлбэ гол, Дунд гол эргээ хальж, ойр орчмын байр орон сууцны B1 хэсгийг усанд автуулаад, нийслэлчүүдийг сандаргаад авсан. Огтоос урьдчилан бэлдээгүй харж суусаар хамгаа усанд урсгачих шахлаа.

Цэрэг, цагдаа, онцгойнхон хамаг бүрэлдэхүүнээ дайчлан шороо овоолсоор. Туул үерлэвэл хэрхэх нь ч бас асуудалтай. Зөвхөн Дунд гол, Сэлбэ голын эрэг орчим аюултай түвшинд байгаа хэрэг биш. Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүрэгт голын ойр орчмын айлууд утгаараа усанд автан живж байна. Өнгөрсөн өдөр (2023.07.05) Дамбадаржаа орчмын 170 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. 

“2023 онд авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний лаг цэвэрлэгээний ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт, 197 байршилд 3-4 удаагийн давтамжтай 3290м3 лаг хагшаасыг цэвэрлэж зайлуулахаар төлөвлөн, төлөвлөгөөний дагуу цэвэрлэгээний ажлууд хийгдэж байна” гэж Геодези, усны барилга байгууламжийн газраас мэдээлсэн юм.

Бусад үерийн далан, авто зам суваг шуудуу ойр зуурын бороонд гайгүй байгаа нь авууштай хэрэг. Бусдаар иргэд бидний ус туулж, ус цацуулж, усанд үйж алхах ч дүүрч ээ.

Гэхдээ борооны ус, зайлуулах хоолой руу нь үсэрч орох ёстой юм болов уу л гэж харагддаг. Гадаадын 400 сая жуулчин хүлээж авна гэдэг ч ирсэн хэд нь үүнийг маань доог тохуу хийгээд байх вий. Хийгээгүй биш хийсэн ч нэг л буруу болгочихсон харагдсаар л…

Удахгүй баяр наадмын өдрүүдээр далан шуудууд хаясан хог хаягдал үерийн усаар дахиад л хотын төвдөө шахуу ороод ирнэ дээ. Муу амласан хэрэг ч биш, хаанаасаа л тийм зүйл болчихсон нь нууц биш.

Зуны гурван сард аар саар ярилцаад өнгөрч болохгүй асуудал юм. Явган зорчигч хаашаа ч явж чадахгүй  их усан зам талбай болчихоод байхад нуур цөөрөмд бүгсэн загас жараахай шиг хариуцсан дарга нар нь таг чиг. Осолдохгүй үерийн далан сэтэрч, Дунд, Сэлбэ гол үерлэхэд хажууд нь зогсож харагдсан.

Хэдэн ТҮК-ийн ажилтан, Цагдаа нар хүрз, жоотуу бариад, суваг шуудуу ухаж гүйлдэнэ лээ. Хаа нэг зөөврийн машинаар ус соруулж зөөнө. Өдөр хоног аргацаасан энэ их үрэлгэн, бүтэл муутай шийдвэрээс иргэд хэдийнээ залхаад, сүүлдээ дуугарахаа ч байж дээ.

Гэхдээ л асуудал нь дуусахгүй. Цахилгааны шит, ил гарсан утас, гэрлийн шонгийн замбараагүй утас хаа сайгүй. Ингээд бодохоор аюулгүй амьдрах нөхцөл аргагүй муудаж байгаа юм. Ус бороо элбэгтэй үед явган замын хажуугаарх гэрлийн шонгийн ихэнх нь доод хэсэгтээ задгай утастай харагддаг.

Ус гүйсэн нойтон газарт тогонд цохиулах магадлал маш өндөр ч иргэд нүдээ аниад, шүдээ зуусаар өнгөрдөг. Энэ бол өнөөдрийн Улаанбаатар хотод байнга л үзэгддэг дүр төрх. Гэтэл эрх баригчид цоо шинэ жолоочгүй машинтай Хархорум хотыг байгуулна хэмээн попорч сууна.

Энэ улсынхаа нийслэлийг өөд нь татаж авах сэтгэл дарга цэрэг гэлтгүй бүгдэд нь л байгаасай. Далангаа арай гэж тогтоочихоод хотол олноороо сайхан наадна биз. Тэгээд л наадмын дараа намар шүү дээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу