Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргажээ. Үүнээс Засгийн газрын сайд нарын хөрөнгө орлого өмнөх оноос хойш хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулан хүргэж байна. 

-Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайд болсноос хойш орлого нь 77 сая, хадгаламж нь 4,9 сая төгрөгөөр нэмэгджээ. Харин автомашингүй болж, 147 сая төгрөгийн зээлтэй үлдсэн байна- 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ. Тэрбээр 2022 оны нэгдүгээр сараас БОАЖ-ын сайдаар томилогдон ажиллаж эхэлсэн билээ. Үүнээс өмнө ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан. 2020 онд ШӨХТГ-ын дарга байхдаа өгсөн ХОМ-ийг нь одоогийнхтой харьцуулан хүргэе.

  • Нийт орлого 90 сая 210 мянган төгрөг гэж мэдүүлжээ. Харин 2020 онд ШӨХТГ-ын дарга байхдаа нийт орлогоо 12 сая 529 мянган төгрөг гэж мэдүүлж байв. Тэгэхээр түүний орлого 77 сая 681 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
  • Гэр бүлийн гишүүдийн орлого 21 сая 600 мянган төгрөг гэжээ. Харин 2020 онд 10 сая 280 мянган төгрөг гэж мэдүүлсэн. Тэгэхээр гэр бүлийн орлого нь 11,3 сая төгрөгөөр нэмэгджээ. 
  • 2019 онд 450 сая төгрөгийн үнэ бүхий нэг нийтийн орон сууцтай байсан бол энэ нь 2022 онд хэвээрээ байна.*
  • 2019 онд 50 сая төгрөгөөр үнэлэгдэх Chrysler Dodjedurango маркийн автомашинтай байжээ. 2022 онд машингүй гэж мэдүүлсэн. 
  • 14 сая 970 мянган төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Харин 2019 онд 10 сая төгрөгийн хадгаламжтай байсан аж. Тэгэхээр түүний хадгаламж 4,9 сая төгрөгөөр өссөн байна. 
  • 2019 онд 15 сая төгрөгийн зээлтэй байсан бол зээлийн хэмжээ нэмэгдэж, 147 сая төгрөг болжээ. 
  • “Монгол Тулгат Финанс” ХХК, “Монмарт трэйд” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг аж.

 -Ц.Даваасүрэнгийн орлого 18 сая, хадгаламж нь 14 сая төгрөгөөр буурч, зээл нь 31,9 сая төгрөгөөр нэмэгджээ-

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн. Тэрбээр мөн л 2023 он гараад Засгийн газрын гишүүнээр томилогдож, давхар дээлтэй болсон. Түүний ХОМ-ийг 2021 оныхтой харьцуулан хүргэе.

  • Түүний орлого 18 сая 636 мянган төгрөгөөр буурчээ. Тодруулбал, 2021 онд 159,9 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн бол 2022 онд 141,3 сая төгрөгийн орлоготой гэжээ. 
  • Гэр бүлийн орлого нь 39 сая төгрөгөөр өсжээ. Тэрбээр 2021 онд гэр бүлийн орлогоо 60,7 сая гэж мэдүүлж байсан. Харин 2022 онд 99,7 сая төгрөг болсон байна.
  • Нэг амины орон сууц, нэг нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай хоёр байртай гэж 2019 мэдүүлсэн нь хэвээрээ байна. Энэ дөрвөн үл хөдлөх хөрөнгөө нийтэд нь 371 сая төгрөгөөр үнэлжээ.
  • 2021 онд Renault, RXE болон Suzuki загварын хоёр автомашинтай гэж мэдүүлж, үүнийгээ 85 сая төгрөгөөр үнэлж байжээ. Харин 2022 онд Suzuki загварын автомашингүй болж, Ford, F-150 авсан байна. Энэ хоёр автомашинаа 209 сая төгрөгөөр үнэлжээ. 
  • Бод малынх нь тоо толгой нэмэгджээ. Тэрбээр 2021 онд 419 малтай (хонь-206, ямаа-63, тэмээ-1, адуу-149) гээд үүнийгээ 161 сая төгрөгөөр үнэлсэн. Харин 2022 онд 383 малтай (адуу-152, хонь-180, ямаа-50, тэмээ-1) хэмээн мэдүүлж, үүнийгээ 162 сая төгрөгөөр үнэлсэн байна. 
  • 230 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй гэж 2021 онд мэдүүлсэн нь хэвээрээ байна. 
  • 2021 онд 33,3 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2022 онд хадгаламж нь 14 саяар буурч, 19,2 сая төгрөг болжээ. 
  • 2021 онд 30 сая төгрөгийн зээлтэй байсан бол 2022 онд 61,9 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. 
  • “Цолмон хээр дэлгүүр” ХХК-ийн 50 хувь, “Өег Мебель” ХХК-ийн 50 хувь, “Ди Эл Өү” /”Ээж мадам” эмэгтэйчүүдийн эмнэлэг/ ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. 

-Г.Сайханбаярын орлого 48,5 сая төгрөгөөр, гэр бүлийнх нь орлого хоёр дахин нэмэгджээ-

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр. Тэрбээр 2020 оны долдугаар сараас хойш сайдаар томилогдон ажиллаж байна. Тиймээс түүний ХОМ-ийг 2021 оныхтой харьцуулан хүргэе. 

  • Түүний орлого нэг жилийн хугацаанд 54 сая 993 мянган төгрөгөөр өсжээ. 2021 онд 48,5 сая байсан бол 2022 онд 103,5 сая болсон байна.
  • Гэр бүлийн орлого нь хоёр дахин нэмэгджээ. 2021 онд 73,3 сая төгрөг гэж мэдүүлж байсан бол 2022 онд 142,5 сая гэжээ.
  • 658,4 сая төгрөгийн үнэ бүхий гурван үл хөдлөх хөрөнгөтэй гэж мэдүүлсэн нь хэвээрээ байна. 
  • 155 сая төгрөгийн үнэ бүхий LEXUS загварын хоёр автомашинтай гэж 2021 онд мэдүүлсэн нь хэвээрээ байна. 
  • 2021 онд 16 адуу, гурван үхэртэй гээд үүнийгээ 16 сая төгрөгөөр үнэлж байжээ. Харин 2022 онд 22 адуу, дөрвөн үхэртэй гэж мэдүүлээд 23 сая төгрөгөөр үнэлсэн байна.
  • 50 сая төгрөгийн үнэ бүхий 5,150 га газартай гэж мэдүүлсэн нь хэвээрээ.
  • 45 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэсэн нь хэвээрээ.
  • Хадгаламж нь 15,5 сая төгрөгөөр өсжээ. 2021 онд 19,6 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2022 онд 35,1 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна. 
  • 2021 онд 125 сая төгрөгийн зээлтэй байсан бол 18,2 саяыг нь төлөөд, 106,7 сая төгрөгийн зээл үлджээ. 

-Л.Энх-Амгалан сайдын орлого 8,6 тэрбум төгрөгөөр буурчээ-

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг 2021 оныхтой харьцуулан хүргэе.

  • Түүний орлого 8,6 тэрбум төгрөгөөр буурчээ. Тодруулбал, 2021 онд 8,7 тэрбум төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол 2022 онд 45 сая 916 мянга болсон байна.
  • Гэр бүлийнх нь орлого 552 сая төгрөгөөр буурсан байна. Тэрбээр 2021 онд гэр бүлийн орлогоо 598 сая төгрөг гэж мэдүүлсэн. Харин 2022 онд 46 сая гэжээ.
  • Үл хөдлөх хөрөнгийнх нь хэмжээ хэвээрээ байна. Тэрбээр нэг амины орон сууцтай, хоёр нийтийн орон сууцтай, үйлчилгээний зориулалттай нэг байртай. Үүнийгээ нийтэд нь 4,4 тэрбум төгрөгөөр үнэлжээ.
  • 300 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus 570 автомашинтай гэж 2021 онд мэдүүлсэн нь хэвээрээ. 
  • 1 тэрбум 654 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй ажээ. 2021 нд мэдүүлсэн үнийн дүн нь хэвээрээ байна. 
  • Хадгаламж нь 3 сая төгрөгөөр буурчээ. 2021 онд 14,3 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2022 онд 11,3 сая болжээ. 
  • 4,9 тэрбум төгрөгийн авлагатай гэж 2021 онд мэдүүлж байжээ. Үүнээс 2,2 тэрбум төгрөгийг авах үлджээ.
  • 77 сая 296 мянган төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй хэмээн мэдүүлсэн байна. 
  • “Интер групп интернэйшнл” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг аж.

-Б.Батцэцэгийн орлого 370 сая, гэр бүлийн орлого нь 31 сая төгрөгөөр буурчээ. Харин 535 сая төгрөгийн зээл төлсөн байна-

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Түүний хөрөнгө орлогын мэдээллийг 2021 оныхтой харьцуулан хүргэе.

  • Түүний орлого 370 сая төгрөгөөр буурчээ. Тэрбээр 2021 онд 421 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байжээ. Харин 2022 онд орлогоо 50 сая 494 мянга гэсэн байна.
  • Гэр бүлийн орлого нь 31 сая 114 мянган төгрөгөөр буурсан байна. Тодруулбал, 2021 онд түүний гэр бүлийн орлого 145,3 сая төгрөг байсан бол 2022 онд 114,2 сая төгрөг болжээ. 
  • 76 сая төгрөгийн үнэ бүхий нэг нийтийн орон сууцтай, 30 сая төгрөгийн үнэ бүхий хурдан удмын таван адуутай,  107 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж 2021 онд мэдүүлжээ. Энэ нь 2022 онд хэвээрээ байна. 
  • Хадгаламж нь 17,3 сая төгрөгөөр буурчээ. 2021 онд 150 сая 455 мянган төгрөгийн хадгаламжтай байсан бол 2022 онд 133 сая төгрөг болсон байна.
  • 2019 онд 726 сая 686 мянган төгрөгийн зээл авчээ. Үүнээс 190 сая 979 мянган төгрөгийг төлөх үлдсэн аж. Өөрөөр хэлбэл 535 сая 700 мянган төгрөгийн зээл төлжээ.
  • “Мөнхийн үсэг”, “Монголын үнэт цаас хэвлэл”, “Экопак монгол” ХХК-иудын тус тус 52 хувийг эзэмшиж байна. Мөн  “Аз хур” ХХК-ийн 45 хувь, “Эко цаас” ХХК-ийн 50 хувь, “Батар Интернэйшнл” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг юм байна. 

-С.Бямбацогт сайдын гэр бүлийн орлого хоёр дахин нэмэгджээ-

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг 2021 оныхтой харьцуулан хүргэе.

  • Түүний хөрөнгө орлогын мэдүүлэг өөрчлөгдөөгүй гэж хэлж болохоор байна. Тодруулбал, тэрбээр 2021 онд орлогоо 43 сая 69 мянган төгрөг гэж мэдүүлж байсан бол 2022 онд 43 сая 543 мянган төгрөг гэжээ. 
  • Түүний гэр бүлийн орлого хоёр дахин нэмэгджээ. 2021 онд 501 сая 163 мянган төгрөг гэж мэдүүлж байсан бол 2022 онд гэр бүлийн орлого нь 1 тэрбум 151 сая болсон байна. 
  • Таван нийтийн орон сууцтай, үйлчилгээний зориулалттай нэг байртай, гурван авто зогсоолтой ажээ. Үүнийгээ нийтэд нь 3 тэрбум 871 сая төгрөгөөр үнэлсэн нь хэвээрээ байна. 
  • 2021 онд 997 хоньтой, 21 адуутай гэж мэдүүлсэн ч үүнийгээ мөнгөн дүнгээр үнэлээгүй байна. Харин 2022 онд малгүй гэж мэдүүлжээ. 
  • 200 сая төгрөгийн үнэ бүхий газартай, 249 сая 800 мянган төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй хэмээн 2021 онд мэдүүлж байжээ. Энэ нь 2022 оны мэдүүлэгт хэвээрээ байна.
  • Хадгаламж нь 89,6 сая төгрөгөөр буурчээ. Тодруулбал, 2021 онд 219 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2022 онд 129,4 сая төгрөг болсон байна. 
  • 2021 онд 4,9 тэрбум төгрөгийн авлагатай байжээ. Үүн дээр 2022 онд 1,4 тэрбум төгрөгийн авлага нэмэгджээ. Ингэснээр 6,4 тэрбум төгрөгийн авлагатай буй аж.
  • “АПУ”, “Ремикон”, “Хар тарвагатай”,  “Агротехимпекс”,”Силикат”, “Зоос Гоёл”, “Говь” зэрэг компаниудад хувьцаа эзэмшдэг.

-Б.Жавхлан сайд 1,3 тэрбум төгрөгийн байртай болжээ-

Сангийн сайд Б.Жавхлан. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг 2021 оныхтой харьцуулан хүргэе. 

  • Түүний орлого 4,8 сая төгрөгөөр нэмэгджээ. 2021 онд 430 сая 576 мянган төгрөгийн орлоготой байсан бол 2022 онд 435,380 мянга болсон байна. 
  • Гэр бүлийн орлого нь 16 сая 585 мянган төгрөгөөр буурчээ. Тодруулбал, 2021 онд гэр бүлийн орлогоо 64,8 сая гэж мэдүүлж байсан бол 2022 онд 48,2 сая төгрөг болж, буурсан байгаа юм. 
  • 1 тэрбум 350 мянган төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууцтай болжээ. Тэрбээр 2021 оны мэдүүлэгтэй үл хөдлөх хөрөнгөгүй хэмээн мэдүүлж байсан. Харин 2022 оны мэдүүлэгтээ 1,3 тэрбумаар үнэлэгдэх нийтийн орон сууцтай гэжээ. 
  • 198,8 сая төгрөгөөр үнэлэгдэх LEXUS RX330 автомашинтай, 50 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй хэмээн 2021 онд мэдүүлжээ. Энэ нь 2022 оны мэдүүлэгт хэвээрээ байна. 
  • Хурдан удмын адуу, үхэр нэмж авчээ. Тодруулбал, 2021 онд 874 толгой малтай (үхэр-26, хонь-600, хурдан удмын адуу-48, адуу-200) гээд үүнийгээ 445 сая төгрөгөөр үнэлж байжээ. Харин 2022 онд 964 толгой малтай (адуу-70, хурдан удмын адуу-60, хонь-800, үхэр-34) гэж мэдүүлээд үүнийгээ 621 сая 410 мянган төгрөгөөр үнэлсэн байна. 
  • Хадгаламж нь 22 сая 420 мянган төгрөгөөр өсжээ. Тэрбээр 2021 онд 1,8 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2022 онд 24,2 саяын хадгаламжтай гэж мэдүүлжээ. 
  • 2021 онд 404 сая төгрөгийн авлагатай байсан бол 2022 онд авлагаа авчээ. 
  • 2021 онд авсан 123 сая төгрөгийн зээлээ төлөөгүй, хэвээр байна. 
  • “Дархан мэдээлэл төв” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. 

-Ж.Ганбаатар 1,1 тэрбум төгрөгийн гурван орон сууц, 1 тэрбумын гурван автомашинтай-

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг 2021 оныхтой харьцуулан хүргэе.

  • Түүний орлого 85 сая төгрөгөөр өсжээ. 2021 онд 187 сая 626 мянган төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол 2022 онд 273 сая болсон байна. 
  • Гэр бүлийн орлого нь 120 сая төгрөгөөр буурчээ. Түүний гэр бүлийн орлого 2020 онд 1,2 тэрбум байсан. Улмаар буурсаар 2021 онд 384,8 сая болсон. Үүний дараа дахин буурч, 2022 онд 264,4 сая төгрөг болжээ.
  • 1 тэрбум 116 сая төгрөгийн үнэ бухий гурван нийтийн орон сууцтай, 15 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй, 520 сая төгрөгийн газартай зэргийг 2021 онд мэдүүлсэн. Энэ нь хэвээрээ байна. 
  • 1 тэрбум 20 сая төгрөгийн үнэ бүхий Lexus 570, Mercedes Benz, Land Rover V1 автомашинтай. 2021 онд Lexus 570, Mercedes Benz-тэй байсан бол 2022 онд нэмж, Land Rover авчээ. 
  • Хадгаламж нь 4,2 сая төгрөгөөр буурчээ. 2021 онд 6,4 тэрбумын хадгаламжтай байсан бол 2022 онд 2,2 тэрбум төгрөгтэй болсон байна. 
  • “Камдер” ХХК-ийн 69.23 хувь, “Голденсвит” ХХК-ийн 70 хувь, “Моннидер” ХХК-ийн 70 хувь, “Сээкл” ХХК-ийн 67 хувь, “Нордлайн” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. 

-Х.Булгантуяа сайдын өөрийн болон гэр бүлийн орлого, үл хөдлөх хөрөнгөд өөрчлөлт ороогүй байна-

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа. Тэрбээр Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар ажиллаж байгаад, дөрөвдүгээр сард ХНХ-ын сайдаар томилогдсон билээ. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг 2021 оныхтой харьцуулахад өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, газар зэрэгт нь өөрчлөлт ороогүй, хэвээрээ байна.

  • Өөрийн орлого 91,1 сая төгрөг.
  • Гэр бүлийн гишүүдийн орлого 36,2 сая төгрөг.
  • 560 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай. 
  • 45 сая төгрөгийн үнэтэй BMW X-3 загварын автомашинтай. 
  • 20 сая төгрөгийн үнэ бүхий 1326 м2 газартай. 
  • Хадгаламж нь 18 сая 733 мянган төгрөгөөр өсжээ. Тодруулбал, 2021 онд 106 сая 534 мянган төгрөгийн хадгаламжтай байсан бол 2022 онд 125 сая 267 мянган төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна.

-Х.Нямбаатарын орлого 11,8 саяар, гэр бүлийн гишүүдийнх нь орлого 12,5 сая төгрөгөөр өсжээ-

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг 2021 оныхтой харьцуулан хүргэе. 

  • Түүний орлого 11,8 сая төгрөгөөр нэмэгджээ. Тэрбээр 2021 онд орлогоо 26,8 сая төгрөг гэж мэдүүлсэн бол 2022 онд 38,6 сая гэж мэдүүлсэн байна. 
  • Гэр бүлийн гишүүдийнх нь орлого 12,5 сая төгрөгөөр өсжээ. Тодруулбал, гэр бүлийн гишүүдийнх нь орлого 2021 онд 24 сая байсан бол 2022 онд 36,5 сая болсон.
  • 1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг авто зогсоолтой. Үүнийг 2021 оны мэдүүлэгтэй нь харьцуулахад, нэг нийтийн орон сууц, нэг авто зогсоолоо шилжүүлжээ.
  • 182 сая төгрөгийн үнэтэй Toyota, Land Cruiser 200 автомашинтай, 100 сая төгрөгийн газартай, 25 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй зэрэг мэдээллүүд нь хэвээрээ байна. 
  • Бог малаа цөөлж, бод мал авчээ. Тодруулбал, тэрбээр 199 сая төгрөгийн үнэ бүхий 784 малтай (адуу-23, хонь-600, ямаа-110, үхэр-16, хурдан удмын адуу-35) гэж 2021 онд мэдүүлж байжээ. Харин 2022 онд 236 сая төгрөгийн үнэ бүхий 700 малтай (хурдан удмын адуу-35, үхэр-21, ямаа-157, хонь-444, адуу-43) гэсэн байна. 
  • Хадгаламж нь 1,2 сая төгрөгөөр өсжээ. 2021 онд 11,2 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2022 онд 12,5 сая төгрөг болсон байна. 
  • “Старкатеринг”, “Хамаг Монгол грүпп” компаниудыг 100 хувь эзэмшдэг.

-Х.Болорчулууны орлого 45,5 сая, гэр бүлийн гишүүдийнх нь орлого 274 сая, хадгаламж нь 561 сая төгрөгөөр буурчээ. Харин 260 адуутай болсон байна-

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг 2021 оныхтой харьцуулан хүргэе.

  • Орлого нь 45,5 сая төгрөгөөр буурчээ. Тодруулбал, 2021 онд орлогоо 58 сая 111 мянган төгрөг гэж мэдүүлжээ. Харин 2022 онд 12 сая 576 мянган төгрөг гэсэн байна. 
  • Гэр бүлийн гишүүдийнх нь орлого 274,6 сая төгрөгөөр буурчээ. 2021 онд гэр бүлийн гишүүдийнх нь орлого 295 сая төгрөг байсан бол 2022 онд 20,4 сая болжээ.
  • 2,4 тэрбум төгрөгийн үнэ бүхий нэг хашаа байшин, үйлчилгээний зориулалттай нэг байр, нэг оффистой ажээ. 
  • 2021 онд Mercedes Benz, G 500 загварын автомашинтай байсан бол 2022 онд машинаа сольж, Lexus, 570 болгожээ. Энэ нь 80 сая төгрөгийн үнэтэй гэж мэдүүлсэн байна.
  • 2021 онд 200 тооны адуутай байсан бол 2022 онд 260 адуутай болжээ. Үүнийгээ 208 сая төгрөгөөр үнэлсэн аж.
  • Хадгаламж нь 561 сая 848 мянган төгрөгөөр буурсан байна. 2021 онд 1,3 тэрбум төгрөгийн хадгаламжтай байсан бол 2022 онд 768 сая 849 мянган төгрөг болжээ. 
  • Өмнөх онуудад “Хишиг Агро”, “Дорнод гурил” компаниудыг 100 хувь эзэмшдэг байсан бол 2022 оны мэдүүлэгтээ дурдаагүй байна. 

-С.Чинзоригийн орлого буурч, 64 сая төгрөг болжээ-

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг. Түүний ХОМ-ийг 2021 оныхтой харьцуулан хүргэе.

  • Түүний орлого 170 мянган төгрөгөөр буурсан байна. 2021 онд 64 сая 419 мянган төгрөг байсан бол 2022 онд 64 сая 429 мянга болжээ. 
  • Гэр бүлийн гишүүдийнх нь орлого 3,1 сая төгрөгөөр өсжээ. Тодруулбал, 2021 онд 25,8 сая төгрөг байсан бол 2022 онд 28,9 сая болсон аж.
  • 2021 онд 330 сая төгрөгийн үнэ бүхий нэг нийтийн орон сууц, нэг авто гражтай гэж мэдүүлжээ. Энэ нь 2021 оны мэдүүлэгт хэвээрээ байна. 
  • 2021 онд Volkswagen, Touareg загварын автомашинтай байжээ. Үүнийгээ 25 сая төгрөгөөр үнэлж байж. Харин 2022 онд машинаа сольж, Hyundai, Sonata 7 болгожээ. Энэ машинаа 10 сая төгрөгөөр үнэлсэн байна. 
  • 20 сая төгрөгөөр үнэлэгдэх 160 хонь, 30 адуутай, 16 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 
  • Хадгаламж нь 706 мянган төгрөгөөр буурчээ. 2021 онд 3,5 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2022 онд 2,8 сая болсон байна.
  • 2021 онд 75 сая төгрөгийн авлагатай байсан бол үүнээс 50 саяыг нь авсан байна. Ингэснээр 25 сая төгрөгийн авлагатай үлджээ.

-Б.Чойжилсүрэн сайд 1,5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөтэй гэж мэдүүлжээ-

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн. Түүний ХОМ-ийг 2021 оныхтой харьцуулан хүргэе.

  • Түүний орлого 1,5 тэрбум төгрөгөөр өсжээ. 2021 онд 43 сая төгрөгийн орлоготой байсан бол 2022 онд 1 тэрбум 543 сая төгрөгийн орлоготой болсон байна. 
  • Гэр бүлийн гишүүдийнх нь орлого 609 сая төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, 2021 онд 71 сая 192 мянган төгрөг байсан бол 2022 онд 680 сая 684 мянган төгрөг болсон байна. 
  • Үл хөдлөх хөрөнгөгүй болсон байна. 2021 онд 365 сая 960 мянган төгрөгийн үнэ бүхий нэг нийтийн орон сууцтай гэж мэдүүлж байсан бол 2022 онд орон сууц, барилгагүй гэж мэдүүлжээ. 
  • Тээврийн хэрэгсэлгүй ажээ.
  • Дөрвөн сая төгрөгийн үнэ бүхий зургаан адуутай гэсэн байна. 
  • Хадгаламж нь 144 сая 862 мянгаар буурчээ. 2021 онд 404 сая 728 мянган төгрөгийн хадгаламжтай байсан бол 2022онд 259 сая 866 мянган төгрөг болжээ. 
  • 1 тэрбум 500 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй гэж мэдүүлсэн байна.

-Ч.Номин сайдын орлого 100 саяар буурч, 2,3 тэрбумын бэлэн мөнгөтэй болжээ-

Соёлын сайд Ч.Номин. Тэрбээр 2021 оны нэгдүгээр сараас эхлэн Засгийн газрын гишүүн болсон. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг 2021 оныхтой нь харьцуулан хүргэе. 

  • Түүний орлого 99,9 сая төгрөгөөр буурчээ. Тодруулбал, 2021 онд орлого нь 235 сая төгрөг байсан бол 2022 онд 135 сая төгрөг болсон байна.
  • Гэр бүлийн гишүүдийнх нь орлого 3,2 тэрбум төгрөгөөр буурсан байна. 2021 онд 3 тэрбум 785 сая төгрөг байсан бол 2022 онд 548 сая болжээ. 
  • Найман нийтийн орон сууцтай, гурван авто зогсоолтой гэж 2021 онд мэдүүлсэн нь 2022 оны мэдүүлэгт хэвээрээ байна. Үүнийгээ 11 тэрбум 458 сая төгрөгөөр үнэлжээ.
  • 1,1 тэрбум төгрөгийн үнэ бүхий таван автомашинтай, 750 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй, 13 сая төгрөгийн газар эзэмшдэг.  
  • Хадгаламж нь 2,2 тэрбум төгрөгөөр буурчээ. Өөрөөр хэлбэл, 2021 онд 4,1 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлж байсан бол 2022 онд 1,9 тэрбум болж буурсан байгаа юм. Харин гадаадын банканд 887 сая төгрөгийг байршуулсан аж.
  • 2 тэрбум 366 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй гэж мэдүүлжээ. 
  • 2021 онд 22,3 тэрбум төгрөгийн авлагатай гэж мэдүүлж байсан бол 2022 онд 23 тэрбум 730 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн байна.
  • 2021 онд 9,3 тэрбум төгрөгийн зээлтэй байсан бол 2022 онд 6,1 тэрбумыг нь төлж, 3,2 тэрбумын зээлтэй үлджээ.

-Н.Учрал сайдын орлого 200 сая төгрөгөөр өсжээ-

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг 2021 оныхтой харьцуулан хүргэж байна. 

  • Түүний орлого 2021 онд 803 сая төгрөг байсан бол 2022 онд 1 тэрбум 45 сая төгрөг болж, 200 гаруй сая төгрөгөөр өссөн байна.
  • Гэр бүлийн гишүүдийнх нь орлого 196 сая 800 мянган төгрөг байснаас 56 сая төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл 140 сая төгрөгөөр буурсан байгаа юм. 
  • 3 тэрбум 565 сая 490 мянган төгрөгийн үнэлгээ бүхий гурван нийтийн орон сууц, хоёр зуслангийн байшин, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай. гэж 2021 онд мэдүүлсэн нь хэвээрээ байна.
  • 885 сая төгрөгийн Mercedes Benz, G 500 – 1, Lexus 570 – 1, Nissan, Tiida – 1, Mercedes Benz, S400 – 1 машинтай гэжээ. Энэ нь 2021 оны ХОМ-ээс 200 сая төгрөгөөр өссөн мэдээлэл юм.  
  • 2021 онд 1 тэрбум 664 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2022 онд 2 тэрбум болтлоо өсжээ.
  • 2021 онд 31 сая 400 мянган төгрөгийн 180 хонь, 20 адуу, 150 сая төгрөгийн газартай гэж мэдүүлсэн нь 2022 онд хэвээр байна.

-Ч.Хүрэлбаатар сайдын орлого 1 сая төгрөгөөр нэмэгдэж, хадгаламж нь 731 сая төгрөг болсон байна-

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг 2021 оныхтой харьцуулан хүргэе.

  • Орлого нь 2021 онд 42 сая төгрөг байсан бол 2022 онд 43 сая болж нэг сая төгрөгөөр нэмэгджээ.
  • Гэр бүлийн орлого нь 2021 онд 115,5 сая төгрөг байсан. Харин 2022 онд 116,9 сая болж, нэг сая төгрөгөөр нэмэгдсэн байна.
  • Өмнөх ХОМ-дээ 303 сая 500 мянган төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, нэг зуслангийн байшинтай хэмээн мэдүүлж байсан бол шинэчилсэн ХОМ-ээр 171 сая 500 мянган төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй гэжээ. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 132 сая төгрөгөөр буурсан байгаа юм.
  • Харин түүний хадгаламж 2021 онд 629 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан бол 2022 онд 731 сая төгрөг болж нэмэгджээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу