Үндсэн хуульд Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц, онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна гэж тусгасан байдаг.

Засгийн газраас бодлогын баримт бичгүүдэд тусган, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, УИХ-д өргөн мэдүүлсэн.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр (2023.07.04) Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэн дэмжээд, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Төсөл санаачлагч гадаадын хөрөнгө оруулалт татах бодлогыг тодорхойлохын тулд өнөөгийн тулгамдаж байгаа нөхцөл байдлыг судалсан байна. Монголд Гадаадын хөрөнгө оруулалт төрөлжихгүй, нэг салбарт харьцангуй ихээр төвлөрч буй.

“Оюутолгой” төслийн уул уурхайн олборлолт, бүтээн байгуулалттай холбоотойгоор Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011 оноос эрс нэмэгдэж, сүүлийн 10 жилийн дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 42 хувийг “Оюутолгой” компани дангаараа бүрдүүлжээ.

Гэвч нийт орж ирж буй гадаадын хөрөнгө оруулалтын урсгал хангалтгүй. Улсын хэмжээнд 2023 оны эхний улирлын байдлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд нийт 246.8 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас гадаадын хөрөнгө оруулалттай 9350 аж ахуйн нэгж бий аж.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 1990-2023 онд нийт 14836 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгүүлснээс 5486 аж ахуйн нэгж татан буугдсанаас 33 хувь нь 2010-2022 онд хаалгаа барьжээ.

Гадаадын хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт илүүтэй байгаа нь Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг хязгаарлаж, бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөл боломж хязгаарлагдмал буй юм.

Хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх, шинээр орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд тавигдах шаардлага болох 100 мянган ам.долларын шаардлагыг зарим салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад байхгүй болгожээ. Ингэснээр эдийн засгийг төрөлжүүлэх нөхцөл бүрдэх ба уул уурхайн салбараас бусад салбарт оруулах гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзсэн байна.

Хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой хөрөнгө оруулагчийг хохироосон аливаа гомдлыг шалган шийдвэрлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Үүний үр дүнд хөрөнгө оруулагчид өөрсдийн үйл ажиллагаанд үүссэн хүндрэл бэрхшээлийг цаг алдалгүй шийдүүлэх, улмаар гомдол нь даамжран шүүхийн болон арбитрын маргаан болж, төрд болон хөрөнгө оруулагчдад хүндрэл үүсгэдэг байдал арилна гэж тооцсон байна.

Хөрөнгө оруулалттай холбоотой гомдол, маргаан үүссэн тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагч олон улсын арбитрт хандах эрхийг нээж, хөрөнгө оруулагчийн хөрөнгийг хууль бусаар дайчлан хураахгүй байх баталгааг төрөөс олгох зэрэг зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Хөрөнгө оруулагчийн хөрөнгийг хамгаалах баталгааны зохицуулалтыг хуульд тусгаснаар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх итгэл сэргэнэ гэж үзсэн байна.

Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд төрөөс тухайн жилд төлөвлөгөөт хяналт шалгалтын тоог хуулиар тогтоон хязгаарлаж, хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэ нь хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжих, төрийн хүнд суртлыг бууруулах, бизнесийн үйл ажиллагаанд учруулдаг шаардлагагүй дарамтыг бууруулах томоохон хөшүүрэг гэж тооцсон байна.

Хөрөнгө оруулалтын чиглэлээр төрийн байгууллагуудын хүлээх үүргийг тодорхой тусгажээ. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хөрөнгө оруулагчдад төрөөс нөхөн төлбөр олгохоор шийдэгдсэн тохиолдолд тухайн хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтнаар төрд учирсан хохирлыг буцаан төлүүлэх, хариуцлага тооцох тухай зохицуулалтыг тусгасан байна.

Энэхүү зохицуулалт нь аливаа албан тушаалтан хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашгийг хувийн үзэмж, ашиг сонирхлын үүднээс ялгамжтай байдлаар шийдвэр гаргаж хохироодог байдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна гэж үзжээ.

Хөрөнгө оруулагч нарт үзүүлэх төрийн үйлчилгээг хялбаршуулж, нэг цонхны зарчмаар хөрөнгө оруулагчдад үйлчилгээ үзүүлэхээр тусгасан байна. Хөрөнгө оруулагчдад үйлчилгээ үзүүлэх төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах замаар хөрөнгө оруулагчид нэг сувгаар төрийн дэмжлэг, үйлчилгээг үзүүлэх давуу тал бий болох аж.

Хөрөнгө оруулагч нарт эргэлзээ үүсгэж байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн зарим зүйл, заалтыг ойлгомжтой болгож, хуулийн давхардлыг арилгасан байна. Тухайлбал, татварын хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотой зохицуулалт нь татварын хуульд тусгагдаагүй бол хэрэгждэггүй байсан. Иймд хөрөнгө оруулагч нарт эргэлзээ үүсгэдэг байсан тус зохицуулалтыг хасаж, аливаа татварын дэмжлэгийг зөвхөн Татварын хуулиар зохицуулж байх холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу үзүүлэх татварын хувь хэмжээг тогтворжуулах асуудлыг тодорхой болгосон байна. Тогтворжуулах гэрчилгээ олгох асуудлыг хялбаршуулж, шаардлага хангасан аж ахуйн нэгжийн хүсэлтэд үндэслэн цахимаар шийдвэрлэдэг байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

“Газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” татварын бус урамшууллыг хөрөнгө оруулагчид үзүүлэх зохицуулалт нь одоо хүчин төгөлдөр байгаа билээ.

Үндсэн хуульд гадаадын аж ахуйн нэгжүүдэд газрыг эзэмшүүлж болохгүй гээд заасан байгаа учраас энэ төсөлд “эзэмшүүлэх” гэдэг үгийг хасаж, одоо мөрдөгдөж буй, гэхдээ Үндсэн хуультай зөрчилдөж байгаа хэсгийг өөрчилжээ.

Хөрөнгө оруулагч нарын гомдлыг Засгийн газар хуралдаанаараа улиралд тутам хэлэлцэж байгаа аж. Эхний удаа 32 аж ахуйн нэгжийн гомдол ирсэн бол дараагийн хуралдаанд 44 гомдол иржээ.

Төсөлд “Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл” байгуулахаар тусгасан. Хөрөнгө оруулагчийн гаргасан гомдолыг шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүх дунджаар 6.2 жилийг зарцуулдаг гэх тооцоо бий ч 16 жил шүүхээр явсан тохиолдол ч гарчээ. Энэ асуудлыг шийдвэрлэхээр “Хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах зөвлөл”-ийг байгуулахаар төсөлд зохицуулалтыг тусгасан байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу