Цаг уурын байгууллагаас мэдээлснээр Улаанбаатар хот орчимд долдугаар сарын 3-наас 5-ны өдрүүд буюу 26 цагийн хугацаанд 28.4 мм хур тунадас орсон байна. Хэдийгээр энэ нь аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээгүй боловч Хэнтийн нуруунаас эх авсан Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Хэрлэн голын усны түвшин өмнөх хоногоос 10-30 см нэмэгдэж, Тэрэлж, Улиастай, Хэрлэн гол үерийн түвшинг 5-20 см давсан бол Сэлбэ гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна.

Үүний улмаас өчигдөр буюу долдугаар сарын 4-нд Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт 54 орон сууц, нэг худалдааны төвийн гараж, амины таван байшин, 15 гэр, хоёр автозам, хоёр нүхэн гарц усанд автсан байна. Мөн хоёр далан, гүүр задарсан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс НЦУГ, Геодези усны барилга байгууламжийн газар, Ус суваг удирдах газар, дүүргүүдийн ЗДТГ, хороо, СӨХ, Тохижилт үйлчилгээний хэлтсийн  нийт 397 ажилтан, алба хаагч, 66 автомашинтайгаар усыг соруулан, шуудуу, далан татан ажилласан байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон бага насны хүүхэд, өндөр настан зэрэг 526 иргэн, 306 орчим автомашиныг орц, гарц хаагдсан байруудаас гарган аюулгүй болгож, 8 айл, 35 иргэнийг үер усны аюулаас авран хамгаалж, 61 иргэнд заавар өгч ажиллажээ.

Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу