Нийслэлийн онцгой комисс (НОК) шуурхай хуралдаж, Улаанбаатар хотод өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажиллахаар болсон билээ. Үүнтэй холбогдуулан НОК-оос яг одоо /2023.07.05/ мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Стандартын гүүр бариагүйтэй холбоотойгоор Сэлбэ голын үерийн асуудалд хүндрэл учруулж байна. 

Бороо энэ сарын 12-ныг хүртэл орох төлөвтэйг цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Тиймээс НОК өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар боллоо. Бид зохих арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллана.

Алба хаагчдын ажлын багаж хэрэгслийг нэмэгдүүлэх үүрэг чиглэл өгсөн, хангалттай байна. Нийслэл орлогч дарга Ж.Сандагсүрэн шуурхай штабын даргаар ажиллаж, техник, ажиллах хүчний хуваарилалтыг хийж байна.

Өнгөрсөн 30 жилийн турш Улаанбаатар хотод гаргасан алдаа дутагдлыг арилгахаар бид ажиллаж байна. Хот төлөвлөлтийн алдаанаас үүдсэн зүйл манай хотод түгээмэл бий. Үүнийг нуух шаардлагагүй. Харин засаж, залруулж байна.

Мөн газар олголт, хот байгуулалттай холбоотой стандарт, хууль зөрчсөн асуудал олон бий. Тиймээс үүний эсрэг тэмцэнэ.

Хамгийн чухал нь өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүний амь нас эрсдэж болохгүй. Үүнд анхаарч ажиллана” гэлээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу