“Хөгжлийн банкны” гэх тодотголтой 32 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.07.05/ гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Сар гаруй үргэлжилсэн эл хэргийн гэм буруугийн шүүх хурлаар 80 шүүгдэгчээс 48-ыг нь гэм буруугүй, 32-ыг нь гэм буруутай гэж үзсэний нэг нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг бөгөөд түүнд шүүхээс зургаан жилийн хорих ял оноосон.

Ё.Баатарбилэг гишүүн “Нэгэнт шүүх гэм буруутай гэж хэлсэн учраас хэдэн зүйл хэлье. Намайг яллаж байгаа улсын яллагчийн саналтай санал нийлэхгүй байна. Намайг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсанаас шүүхэд ирүүлэх хүртэл процесс маш хариуцлагагүй, алдаа мадагтай явсан. Гомдолтой байна.

Улсын ерөнхий прокуророос анх бүрэн эрх түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирэхдээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын алба хашиж байх үетэй холбогдуулж, албан тушаалаа урвуулан ашигласан гэж хардаад 2017 онд оруулж ирсэн. Дараа нь найз нөхөддөө нөлөөлөөд гэж хардаад зүтгүүлсэн. Ямар ч гэсэн энэнд ял оноох ёстой гэсэн байдлаар үзсээр ял оноов уу гэдэг хардлага төрүүлж байна.

“Хуурай гүжир хариугүй” гэдэг үг байдаг. Хэлэх ч үг олдохгүй байна. Хэрхэн Хөгжлийн банкны хэрэгт холбогдоод байгаагаа ч мэдэхгүй байна. Энэ олон хавтаст хэрэгт надтай холбоотой гэх нэг ширхэг ч нотлох баримт олдохгүй байна. Ойчих газаргүй байж байгаад үндэслэлгүйгээр хөрөнгөтэй болсон юм шиг цоллуулаад, аваагүй авлигыг төлүүлнэ гэж байна. Орох орон, унах унааг хураах санал гаргаж байгаа юм байна, зөвшөөрөхгүй.

Би тийм баян хүн биш. Төрөөс, түмний боломжийг хулгайлаад байдаг ядарсан сэтгэхгүйтэй ч биш. Би дахиад хэлье. Ах дүү, хамаатан саднаар нь шалгасан. Байгаа бүхнийг тодруулсан, тийм зүйл байгаагүй. Шүүх хуралдааныг нээлттэй явуулсанд талархаж байна.

Хэн нь ямар асуудлаар шалгагдав гэдэг талаар олон нийт бодит мэдээлэлтэй болсон байх. Хөгжлийн банкны гэх хэрэг чухамдаа юу байсан юм гэдэг талаар мэдээлэлтэй болсон байх. Мөрөөрөө ажлаа хийж байсан олон сайхан залуучуудыг цагаатгасанд талархаж байна. Өмгөөлөгч нар мундаг байлаа.

Би шалгуулах шатанд үнэнээ өчөөд, мөрдөн шалгах явцад бүх нотлох баримтыг гаргаж өгөөд байхад хэргийн ээдрээ түвэгтэй байдлыг шалгаад, мухарлах юм байна гэхээр улсын яллагч нар яллахаас татгалзах болов уу гэтэл тэгсэнгүй, харамсалтай байна.

Нобелийн шагналт зохиолчийн “Ундаассан бурхад” гэдэг романыг олоод уншчихаарай. Миний эрх зүйн байдлын асуудлаар прокурор өчигдөр хариулт өгөхдөө буруу ойлгогдохоор мэдээлэл өгсөн. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд мэдээлэл ирүүлсэн байна лээ. Энэ бол Их хурлын дархлааны асуудлаар болохоос биш Ё.Баатарбилэгт ял завшуулах гээд байгаа асуудал биш.

Өмгөөлөгч нар маань байр сууриа илэрхийлсэн, санал нэг байна. “Шударга ёс багатай газар зөв байх аюултай” гэж Испанийн улстөрч 17 дугаар зуунд хэлсэн байдаг. Би бол өөрийгөө зөв хүн гэж хэлнэ, баярлалаа” хэмээв.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу