“Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг “Эрдэнэс алт ресурс” ХХК-тай нэгтгэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, өчигдөр (2023.07.05) “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, “Эрдэнэс силвер ресурс”-ийг татан буулгах шийдвэр гаргасан бөгөөд тус компанийн захирал С.Баярмөнхөөс тамга тэмдгийг нь хураан авсан байна.

“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтоос энэ талаар тодруулахад “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг “Эрдэнэс алт ресурс” ХХК-тай нэгтгэсэн нь үнэн. Компанийн захирлыг сонгон шалгаруулалт явуулж томилно” гэж мэдээлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 133 дугаар тогтоол, ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг 2019 оны 05 дугаар сард үүсгэн байгуулсан.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны 26 дугаар тэмдэглэл, Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 341 дүгээр шийдвэрээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхит нэртэй 2887.85 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл /XV-2021416/-ийг тус компанид олгосон.

Энэхүү шийдвэрийн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас улсын төсвийн тогтвортой эх үүсвэрийг шинээр бий болгох, салбарын нөөц боломжийг зохистойгоор ашиглах үүднээс Салхитын мөнгө-алтны ордын хайгуулын тусгай зөвшөөрөл /XV-021416/-ийн талбайд хууль тогтоомжийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл /MV-021483/-ийг авсан байдаг.

Тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагааг боломжит богино хугацаанд цаг алдалгүй эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлтэйгээр ажиллаж байжээ.

Дээрх ордыг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр Монгол улсын Засгийн газраас шийдвэрлэж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар захирамжаар өндөр насны тэтгэвэрийн зээлтэй иргэдийн зээлийн нэг удаа тэглэх тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан.

Тус ажлын хэсэг Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль, дээрх хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг шинээр баталж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд  нэмэлт оруулж, УИХ-ын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тогтоолыг ёсчлон баталсан.

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө-алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан, үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө” гэж тусгажээ.
Иймд  “Эрдэнэс силвер ресурс” ХХК дээрх батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий хуулийн этгээд байв.

Салхитын уурхайн хаалтын менежментийн жишиг төлөвлөгөө болон төслийн үйл ажиллагааг Канадын Засгийн газрын санхүүжилттэй “MERIT” төслөөс төрийн өмчит “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2023 оны долдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд болсон.

Жишиг төслийн танилцуулгыг MERIT төслийн захирал Р.Алтангэрэл, Салхитын уурхайн ХМТ-ний танилцуулгыг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн захирал С.Баярмөнх хийж, “Монгол улсын төрийн байгууллагуудад өгөх зөвлөмж”-өөр “Си Пи Пи Энвайронментал” корпорацийн Ерөнхийлөгч Майк Поссенти мэдээлэл хийсэн билээ.

Салхитын уурхайн хаалтын менежментийн жишиг төлөвлөгөөг хүлээлгэн өгөх ёслол мөн “Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн хэрэгжилтийн үр дүн”, “Уурхайн хаалтын төлөвлөгөөний хэрэгжилт ба тогтвортой байдал” хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөсөн юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу