Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд иргэн Д.Мөнх-Эрдэнийг гэм буруутайд тооцож, нээлттэй хорих ангид гурван жил 10 сар хорих ялаар шийтгэсэн билээ.

Мөн улсад 112 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, үүнээс 82 сая төгрөгийг гаргуулан авах, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 10 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгох, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасах шийтгэл оногдуулсан.

Тэрбээр уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдахаар болсон юм. Улмаар түүний давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2023.07.05/  болж, шүүх дараах шийдвэрийг гаргажээ.

Шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлоор Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд:

Шүүгдэгч Д.Мөнх Эрдэнийн,

1. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсвийн хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлүүдээс Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд эх орондоо ирж амрахтай холбогдсон зардлыг илүү олгож, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх нэг үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1  жил, 10 сарын хугацаагаар хорих ял,

2. Бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 1 жил 4 сарын хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг 2  жилээр хасаж, 8.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт оногдуулсан торгох ялыг хэвээр үлдээж,

шүүгдэгч Б.Ганбаярт 14.000.000  төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосон хугацааг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх өөрчлөлт,

шүүгдэгч Б.Эрдэнэбаярын Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүний нийтийн албан тушаалтанд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан хэрэгт оногдуулсан эрх хасах болон торгох ялыг хэвээр үлдээж,

шүүгдэгч Н.Пүрэвжав, Д.Батмөнх нарт холбогдох шийдвэрийг мөн хэвээр үлдээж шийдвэрлэв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу