УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2023 оны долоодугаар сарын 05-ны өдөр Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулсан юм.

Сонсголын үеэр ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр мэдээлэхдээ, 2023 оны эхний хагас жилд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн 960 гэмт хэрэгт 990 хүүхэд хохирсон талаар дурдлаа. Тэдний 33 нь нас барж, 364 хүүхэд гэмтсэн байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 717 гэмт хэрэг үйлдэгдсэнд зургаан хүүхэд холбогдож, 77 хүүхэд хохирсноос 3 хүүхэд нас барж, 44 нь гэмтжээ. Сураггүй алга болсон гэх 599 хүүхдийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжлилж, 585  хүүхдийг олж тогтоон, ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн байна.

Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, цагдаагийн байгууллагын судалгаа, хяналтын санд бүртгэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид тавих хяналтыг сайжруулах зорилгоор хүүхэд хамгаалал ерөнхий арга хэмжээг зохион байгуулж, хүүхдийн нэгдсэн мэдээллийн сангийн бүртгэлд 1572 хүүхдийг бүртгэсэн байна. Улмаар эрсдлийг арилгах хүртэл хяналтыг хэрэгжүүлжээ.

Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгааллын 21 түр байр, 14 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж, энэ оны эхний зургаан сарын байдлаар 960 иргэнд үйлчилсний 148 нь насанд хүрсэн эмэгтэй, 811 нь хүүхэд, нэг нь насанд хүрсэн эрэгтэй байна.

Хяналтын сонсголыг дүгнэж сонсголыг даргалагч УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “хүүхэд хамгаалах асуудлаар хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг онцолж, хяналтын сонсголын тайланг Байнгын хорооны хуралдаанд танилцуулан, санал, дүгнэлт боловсруулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу