Иргэний нийгэм, ТББ-ын төлөөллүүд УИХ дээр хэлэлцэж байгаа Газрын тухай хуулийг эсэргүүцэн өнөөдөр (2023.07.06) мэдээлэл өглөө. Иргэдийн төлөөлөл газрын тухай хуульд гадаадын иргэн, хөрөнгө оруулагч “бэлчээрийн газар ашиглах тухай” заалт нэмэгдэж байгааг эсэргүүцэж, нийт ард иргэдийг нэгдмэл нэг үзэл санаатай байхыг уриалсан юм. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг байгаа юм биш ээ. Байж болно. Харин газраар битгий оролдоорой. Газар авна гэдэг маш аюултай зүйл ярьж байгаа юм шүү. Бидний үүрэг үр хүүхдэдээ газар нутгаа өвлүүлж үлдээх ёстой. Бусад орнуудыг хар. Монголчууд энэ асуудал дээр ядаж нэгдмэл байх ёстой. Гадаадын иргэнд 100 жилээр газар олгох талаар яриа явж байна. Яагаад ч байж болохгүй. Энэ байр суурин дээрээ би баттай байх болно. 

Иргэн: Уламжлалт баяр наадам далимдуулан хулгайгаар хууль баталдаг уламжлалтай больчихож. Ард түмэн дүлий биш. Газрын тухай хуулийг шинэчилнэ гэж ярьж байна. Гадны хөрөнгө оруулалт хангалттай байна. Эрх барьж байгаа дарга нарт л өгөөжтэй болохоос ард түмний амьдрал сайжраагүй шүү. Ийм сул дорой хүмүүсээр улс эх орноо удирдуулж байна гэдэг бол эмгэнэл шүү. Газар нутаггүй бол тусгаар улс гэж байх уу?

Иргэн: Малчдын газар нутгийг авах гэсэн үзэл санаа бүхий хуулийн заалт байж болохгүй. Удаа дараа арга барил нь өөрчлөгдөөд, байнга манай газар нутгийг авах гэсэн санаархал яваад байгаа шүү дээ. Энэ бол намчирхсан асуудал биш. Жилээс жилд багасаж байгаа малчдын асуудал яригдаж байна. Эх оронд маань эзэн байна уу? УИХ-ын гишүүд юу бодож сууна вэ.

Хэвлэлийн хуралд оролцсон төлөөллүүд нийт иргэдийг энэхүү асуудалд нухацтай хандаж, байр сууриа илэрхийлэхийг хүссэн юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу