УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.06/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Бид 2022 оны төсвийг нэлээд өөдрөгөөр баталж өгсөн. Гэтэл төсвийн гүйцэтгэлээс харахад зогссон, удаашралтай, бараг хийгдээгүй ажлууд олон байна. Аливаа ажилд үр дүн, гүйцэтгэл хамгийн чухал. 

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн гурван гэрээт ажлын гүйцэтгэлийн хугацаа нь дууссан. Гэтэл гүйцэтгэл нь удаашралтай,  бараг хийгдээгүй, 18 орчим тэрбум төгрөгийг яаж зарцуулсан нь тодорхойгүй гэсэн аудитын дүгнэлт гарсан байна.

Гэр хорооллын дэд бүтэц, дахин төлөвлөлтөд онцгой анхаарах ёстой. Гуравхан өдрийн борооноор гэр хорооллын бохирын ус хальж, хөрсний бохирдол ямар түвшинд хүрснийг бүгд харж байна. Гэр хорооллын бохирдсон хөрс тэр чигээрээ хотын төв рүү орж ирж байна. Хотын төвдөө үер, уснаас хамгаалах технологио хийгээгүйгээс болоод тэр чигээрээ усанд автаж байна.

Авлигал хорооллыг тойрсон энэ ус алдалтыг хар. Энэ бүхэн гүйцэтгэл муутай ажил, түүнд нь хяналт тавьж, хариуцлага тооцдоггүй. Үүнээс нь болоод өнөөдөр ийм нөхцөлд хүрлээ. Аливаа асуудлыг хийх хугацаатай, хариуцлага тооцох механизмтай болмоор байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу