Сүүлийн өдрүүдэд нийслэлийн зарим гэрлэн дохио ажиллахгүй болоод цөөнгүй хонолоо. Энэ хугацаанд “Хүнсний 4-р дэлгүүр”,”Их Сургуулийн гудамж”-ны уулзварт зохицуулагч цагдаа гараагүй бөгөөд жолоочид хоорондоо тохиролцон замын хөдөлгөөнд оролцсон юм. Улмаар зам тээврийн осол олноороо гарч, түгжрэлийн нөхцөл байдал хүндэрсээр байна.  Долоодугаар сарын 4-ны өдрийн байдлаар нийслэлийн есөн гэрлэн дохио ажиллагаагүй байсан бол өнөөдрөөс эхлэн засаж эхэлжээ. Ойрын өдрүүдэд бороо тасралтгүй орсны улмаас дохиолол системд гэмтэл үүсэж засварын ажлыг хойшлуулж байсан аж. Мөн зарим цахилгааны эх үүсвэрт дулааны шугамын засварын ажилтай холбоотойгоор хүлээлт үүсээд байжээ. Иргэдийн хоорондоо зохицоод хүлээцтэй хандах хандлага ч гэж энд үгүй байлаа. Тэсвэр алдтал дуут дохио дуугаргаж, зүтгэж, түгжрэлтэй буйг харсаар атал явж очоод эсрэг урсгалаа хаагаад  зогсчихно. Зохицуулагч байж гэмээнэ арай гэж хүлээж чадах байх.  Мөн гэрлэн дохиогүй уулзварт хурдтай орж ирэх тохиолдол ч цөөнгүй байсныг иргэд хэллээ.  Сүүлийн дөрвөн өдөр уг хоёр уулзварт хэдэн цагаар түгжирч, байс гээд л мөргөлдсөн жолоочид цагдаа дуудаж зогсох нь ихэссэн. Энэ байдал удаан үргэлжлэхгүй ч давтагдахгүй гэх таамаг байхгүй байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу