Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Вагнер” хагас цэрэгжсэн бүлэглэлийг үүсгэн байгуулагч Евгений Пригожинээс өшөө авна гэдэгт итгэхгүй байгаагаа мэдэгджээ.

Тэрбээр “Пригожин эрх чөлөөтэй байгаа гэдгийг би баттай хэлж чадна. Бид хэд хэдэн удаа утсаар ярьсан. Өчигдөр үдийн хоолны дараа би түүнтэй утсаар холбогдож, “Вагнер”-ын цаашдын үйл ажиллагааны талаар ярилцсан” гэж хэлсэн байна.

Лукашенко өнгөрсөн зургадугаар сарын 24-нөөс хойш олны өмнө гараагүй Пригожин Беларусьт ирсэн тухай мэдээлж байсан ч өдгөө түүнийг ОХУ-д байгаа талаар  мэдэгджээ.

Тэрбээр өнгөрсөн Мягмар гарагт Минск хотод болсон хэвлэлийн бага хурал дээр “Цаашид Пригожины хувь заяа хэрхэхийг мэдэхгүй. Амьдралд юу ч тохиолдож болно. Гэхдээ та Путиныг хэт хорон санаатай, өш хонзон санадаг, маргааш Пригожиныг ална гэж бодож байвал тийм зүйл болохгүй.

Путин Пригожиныг надаас ч илүү сайн мэднэ. Учир нь, тэд Санкт-Петербургт 30 орчим жил ажиллаж, амьдарсан. Тэд магадгүй бидний бодож байгаагаас ч илүү бие биетэйгээ маш сайн харилцаатай байсан болов уу” гэж хэлжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу