Иргэн М.Содномдаржаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зургийг хошин маягаар миймдсэнийхээ дараа цагдаагийн байгууллагад дуудагдаж, улмаар 400 мянган төгрөгөөр торгуулсан мэдээлэл цахим орчинд түгсэн билээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газраас дуудсан байна. Орой болсон тул маргааш очиж болох эсэхийг асуухад цагдаа нар “Хаа байгаа газраас чинь очоод барьж чадна шүү. Өөрөө ирэхгүй бол асуудал үүснэ шүү” гэж дарамтлаад, оройн 22.00 цагаас шөнийн 02.30 цаг хүртэл зургаан цагийн турш байцаажээ.

“Содном гуайн миймдэлт” цахим хуудсыг ажиллуулдаг М.Содномдаржаа өмгөөлөгч авч, Хүний эрхийн үндэсний комисст хандсан байна. Тэрбээр “Ардчилсан улс гэчихээд, хүнийг гүтгэсэн, доромжилсон, худал мэдээлэл тараагаагүй байхад цагдаагаас дуудаж, шөнийн цагаар байцаалт мэдүүлэг авсанд маш их гомдолтой байна” гэж ярьжээ.

Тэрбээр цахим хуудастаа өнөөдөр (2023.07.06) “Ажлаас халагдсаныг эс тооцвол (Төрийн албанд ажилладаг хүн, Төрийн тэргүүнээрээ мийм хийж болдоггүй юм байх аа) миний энэ асуудал ингээд гайгүй өнгөрчих юм шиг байна аа. Гол асуудал бол: Бид хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдмааргүй байна. Мөн биднийг ингэж тухгүй амьдруулж байгаа дарга нарт хариуцлага тооцох хэрэгтэй” гэж бичсэн байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу