Юм нэг талдаа гарч эхэллээ. Юу гэхээр цаг үргэлж шударга ёс ярьж, хуулийн хүрээнд амьдрахыг сануулж гудамжинд гарч цагаан хоолойгоор орилж, иргэдийг уриалан дуудан жагсагч нар үнэхээр эх орон ч уу, баруун гартаа шударга ёсны сэлэм атгаж, зүүн гараараа улсаасаа хулгай хийж байсан уу гэдэг ус, тос мэт ялгарах цаг ирж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлснээр хулгайтай тэмцэж, хуудууг ухаж, шударга ёсыг тогтооно гэж байгаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүн биш хууль засаглана” гэж хэлээд байгаа. Өлгөж аваад дэмжчихмээр байгаа биз.

Х.БАТТУЛГА БА ТҮҮНИЙ НӨХӨД

 “Монгол ялна” гэх сүрт лоозогнолоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин МАН-ыйнхантай нийлж, МАН-ын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд “тонгорч” дөрвөн жил Төрийн тэргүүнээр “жаалсан” Х.Баттулга өнөөдөр монголд алга. Монгол ялсан бол тэр өнөөдөр монголд байх байлаа. Хуулийн гар өөрт нь очихоор бөхчүүдээр хүрээлүүлдэг, гадаад улс руу гараад зугтчихдаг ийм л Төрийн тэргүүнтэй байжээ бид. Монгол ялахын төлөө яг юу хийсэн бэ гэдгийг нэгжээд үзэхээр үзэх зүйл алга. Ямартай ч өөрийн Майдар хотыг эхлүүлэх шийдвэр Засгийн газраар гаргуулж, зарим төсвийг нь улсын төсөвт суулгаж байсан атал өнөөдөр Майдарын ганц бурхан бүтэн боссонгүй. Үүнээс цааш Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын гэрээнүүдийг улсын маш нууцад авсанаас эхлэлтэй их хэмжээний мөнгөний асуудал яригдана. Эхнээсээ хүмүүс нь шалгагдаж хоригдоод эхэлсэн. Шударга ёсны тэмцэлд хүч нэмэхийг хүссэн бол Х.Баттулга монголд байж шалгагдах ёстой байв. Х.Баттулгын Хөдөлмөрийн баатар олгосон Эрдэнэс силвер ХХК-ийн захирал асан Х.Мөнхбаяр, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг нар цагдан хоригдсон. Тэгвэл Тавантолгой төмөр зам компанийн захирал асан Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал гадаад орон руу зугтан эх орондоо ирэхгүй байгаа юм. Энэ мэтчилэн Х.Баттулгыг тойрсон хүмүүс бүгд шалгагдаж эхэллээ.

      Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан Х.Баттулгыг охин Б.Намуун, Б.Номин, хүү Б.Хүлэгт нарын хамт УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголд оролцож гэрчийн мэдүүлэг өгөхөөр болсон. Ханилж явсан хүмүүсээ хаяж, хамтран зүтгэж явсан намын журмын нөхдөө хилс хэргээр аавын хаалга татуулж, үнэндээ л шударга ёс тогтоож байгаа нэрээр бусдыг намнах ажлаа дөрвөн жил сайн хийсэн. Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нарыг гарын үзүүртээ гүйлгэж Голомтын Д.Баясгаланг гозойтол нь дэмжсэн хүн шүү дээ. Шударга ёсны тэмцэл экс Х.Баттулгыг туулаад гарах уу, тулаад зогсох уу гэдгийг харах л үлдлээ.

Т.АЮУРСАЙХАН БА ТҮҮНИЙ НӨХӨД

     МАН дотор хамгийн шударгын дүрийг бүтээх гэж бүдэрч, зүдэрч явсан хүмүүсийн нэг нь яах аргагүй Т.Аюурсайхан. Духан дээрээ “Шинэчлэлийн хороо” гэх шошго наачихаад улс төрд орж ирсэн л хүн. Одоо Т.Аюурсайхан өнөөдөр ямар улстөрч болсныг хар. “Шинэчлэлийн хороо” гэх шошгон дээрээ нэмээд “Шударга ёс” гэх лоозон залсан нь түүний ар талд юу байгааг харах ямар ч боломжгүй болгожээ. Одоо л харин “Шинэчлэлийн хороо”-гоороо дамжуулж албан тушаалд тавьсан хүмүүс нь Ерөнхий сайдын хэлснээр “Хосоо шувтруулж” байна.

           “Шинэчлэлийн хороо”-ны туган доор нь хамтдаа жагссан хүмүүс нь нүүрсний хулгайгаа дэнслүүлэхээр цагдан хоригдож, шалгагдаж байгаа юм. Эрдэнэс Таван толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, Тавантолгой төмөр зам компанийн захирал асан Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал нар яллах дүгнэлттэй “шазайж” байна. Түүний туслахаар ажиллаж байсан И.Даваадорж, түүний зөвлөх асан Б.Отгонжаргал нарыг мөн л АТГ-аас саатуулан шалгаж байгаа юм. Тэд эхнээсээ үнэнээ өчиж Т.Аюурсайханы нэрийг хэлсэн гэх дам яриа бий. Ядахад л популизмаараа алдартай нөхдүүдтэй нийлэн “Шударга ёс” лоозонгийн цаана чухам юу өрнүүлж байгааг анзаарах сөхөө хэнд ч байдаггүй аж. Гэтэл Т.Аюурсайхан нь “Шударга ёс” хэмээх хөшиг татчихаад цаана нь УИХ-ын Дэд дарга болчихсон, тэр бүү хэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болчихсон байх жишээтэй. “Ном биш номхоныг сурах” ийм л ашигтай.

     Дүн өвлөөр төв талбайд гарч жагсан, Төрийн ордонд УИХ-ын дарга М.Энхболдын өрөөний хаалгыг балбан “МАНАН бүлэглэл тар. УИХ-ын даргын ажлаа өг. Шударга ёс тогтооё” гэж явсан “эх оронч” толгой шүү дээ.

       Үнэнд гүйцэгдэнэ гэдэг юутай үнэн. Цагтаа ивээлд нь явсан Н.Багабандийгаа “жийж” Оюу толгойн ТУЗ-аас гар хэмээн гараа зангидан ширээ шааж, намын дарга М.Энхболдыгоо огцруулах, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатынхаа Засгийн газрыг унагахаар шударгын дүрд тоглогч өнөөдөр жинхэнэ шударга ёстой нүүр тулж байна гээд бод. Нэг л өдөр шударга ёсны туг болсон Т.Аюурсайхан яллагдагчаар татагдан, хилийн хориг тавиулаад байж байна. Ингээд бодохоор хамгийн хулгайч хүн хамгийн эх орончийн дүрээр гарч ирдэг нь үнэн байх. Ганцхан сарын өмнө сайдын хаалга татан орж ирсэн Т.Аюурсайхан, АТГ-ын газрын хаалгаар орж яллах дүгнэлттэйгээ танилцан гарын үсэг зураад гарсан. Тэр бүрэн эрхгүй шалгуулж чадна гэвэл 461-ийн хаалга нээлттэй байна.

       Шударга эх орончдын цуваа энэ хүрээд зогсохгүй, цааш үргэлжилнэ. Юмны эцсийг нь үзээгүй байгаа ч Х.Баттулга, Т.Аюурсайхан нар яав ч шударга эх оронч бус, шударга бусын туг болж яваа гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Ямартай тэдний гар шургуулсан нүүрсний хар нь шударгын багийг нь хуу татаж хаялаа. 

     Шударгын баг зүүж шударга бусыг өөгшүүлж яваа хүмүүсийг цааш нь үргэлжлүүлэн хөндөх болно.

Э.БОЛД

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…