Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Умард Атлантын гэрээний байгууллага (НАТО)-ын зарим орнууд “ОХУ-аас айж”, Украин улсыг эвслийн дээд хэмжээний уулзалтад оролцуулахыг дэмжихгүй байна гэж үзэж байгаа аж.

Тэрбээр сэтгүүлчидтэй уулзахдаа “Эвслийн бүх түншийн дэмжлэг авна гэдэг амаргүй байж магадгүй. Хэн нэгэн Оросоос айж, Москва руу эргэж харж байгаа ч энэ нь эвслийнхний эр зориг, хүч чадлыг харуулах сайхан боломж гэж би бодож байна” хэмээн хэлжээ.

Вильнюс хотноо долдугаар сарын 11, 12-нд болох НАТО-ын дээд хэмжээний уулзалт болох бөгөөд уулзалтын үед Киев тус эвсэлд элсэх тухай яриа эрчимжсэн. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мөргөлдөөний үед Украин эвсэлд орох боломжгүй, НАТО-ын орнууд болон Киев үүнийг ойлгож байгаа биз ээ” гэж хэлж байв.

Түүний хэлснээр, Вильнюс хотноо болж буй тус эвслийн дээд хэмжээний уулзалтаар Украиныг эвсэлд илүү ойртуулж, Украин-НАТО-ын зөвлөл байгуулж, Киевийн эрх баригчдад цэргийн хангамжийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Владимир Зеленский “НАТО-д элсэх урилга ирүүлээгүй нь улсын зэвсэгт хүчнийг сул дорой харагдуулж байна” гэж мэдэгдсэн байна. Мөн Украины Ерөнхийлөгчийн тамгын газраас “Хэрэв эвслийн орнуудын удирдагчид Украины гишүүнчлэлтэй холбоотой асуудлаар “зориг гаргахгүй” бол Зеленский дээд хэмжээний уулзалтад оролцохгүй” гэж мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өмнө нь НАТО-д элсэх тухай Киевийн мэдэгдлийн талаар “Украины эрх баригчид мөргөлдөөнийг хэлэлцээрийн ширээний ард шийдвэрлэх хүсэлгүй, ийм чадваргүй байгааг харуулж байна. Орос улс өөрийн аюулгүй байдлыг хангах болно” гэж онцлон тэмдэглэж байв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу