Нийслэлийн онцгой комиссоос 13:00 цагийн байдлаарх үерийн нөхцөл байдлын талаар болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар: “Үерийн улмаас натурын гүүрний хашлага хөндийрч нурах эрдэл үүссэн. Тус замыг түр хугацаанд хааж, богино хугацаанд засварлана. Хотын зургаан дүүргийн хэмжээнд болзошгүй эрсдэлээс сэргийлэн 52 мянга гаруй хэрэглэгчийг цахилгааныг тасалсан. Нийт 630 дэд өртөөний цахилгааныг хүчдэлд залгасан. 

Одоогоор мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөгөөр ажиллаж байна. Бэлтгэгдсэн, туршлагатай алба хаагчид үүрэг гүйцэтгэж байсан. Цаашид нүүлгэн шилжүүлэх шаардлагатай олон айл байна. Сэлбэ, Туул, Тэрэлж голын усны түвшинг байнга хэмжинэ. Сэлбэ гол ахин үерлэхгүй гэх баталгаа байхгүй учраас эргийн дагуух далан байгууламжийн ажлыг эрчимтэй хийнэ. Туул голын эрэг дагуу 200 ачааны авто машинаар элс, хайрга ачин зүүн бүсэд далан барьж, бэхжүүлэн ажиллаж байна. Сэлбэ голын усны түвшин 5-10 см буурсан үзүүлэлттэй. Тэрэлж, Туул голын ус 8 см-аар үерийн аюултай түвшинг давсан байна. Одоогийн нөхцөл байдал хэвийн байдалд хүрсний дараа далан шинэчлэлтийн ажлуудыг шинээр чанартай хийж гүйцэтгэх болно. Мөн Туул голын усны түвшин нэмэгдэж байгаатай холбоотой бүх талын урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимтэй хийж байгаа. Иргэд та бүхэн айж сандрахгүй байхыг хүсье” гэлээ.

“Байгалийн гамшиг болон хот төлөвлөлтийн алдаанаас үүссэн нөхцөл байдалд мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөөгөөр ажиллаж байгаа. Өндөр мэргэжлийн бэлтгэгдсэн Онцгой байдлын албан хаагчдаар баг бүрдүүлсэн” гэдгийг мөн онцоллоо. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу