“Өмнөд Солонгосын алдартай жүжигчдийг “Фургон” машинаар аялуулж, Монголыг дэлхийд муухайгаар харагдууллаа, бид арай ч ийм хөгжил муутай улс биш” хэмээн саяхан олон нийт шүүмжилж байлаа. Харин бодит байдал дээр ийм нөхцөл байдал хэвээр. Учир нь аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүд “Фургон”, “УАЗ-469” машинаар түргэн тусламжийн дуудлагад явж, донсолгоотой замаар өвчтөнүүдээ тээвэрлэж байна. 

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 21 аймаг, хоёр сумын эрүүл мэндийн төв болон ГССҮТ-ийн Түлэнхийн төв туулах чадвар сайтай, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэхээр бүрэн тоноглогдсон “Nissan patrol” загварын түргэн тусламжийн автомашинтай боллоо.

Автомашинуудыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Кобаяши Хироюки нар өнөөдөр /2023.07.07/ эрүүл мэндийн төвүүдийн дарга нарт гардуулан өгөв.

С.Чинзориг: Эдгээр автомашинууд өвчтөнийг зөөх дамнуурга, хүчилтөрөгчийн аппаратаар бүрэн тоноглогдсон

Түргэн тусламжийн автомашинуудыг гардуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Засгийн газраас эрүүл мэндийн салбарт хийж буй хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Ялангуяа Олон улсын байгууллагуудаас манай улсын эрүүл мэндийн байгууллагуудад ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна.

Энэ удаа бид Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр аймгийн нэгдсэн эмнэлэг болон зарим сумдын эрүүл мэндийн төвүүдийг алсын дуудлагад явахад зориулагдсан, туулах чадвар сайтай автомашинаар хангаж байна. Өөрөөр хэлбэл, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 24 ширхэг “Nissan patrol” маркийн автомашиныг 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, зарим сумдын эрүүл мэндийн төвд хүлээлгэн өглөө.

Ийнхүү хөдөөгийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх боломж бүрдэнэ.

Одоо манай орон нутгийн эрүүл мэндийн төвүүд ОХУ-д үйлдвэрлэгдсэн “УАЗ-469”, “Фургон” маркийн автомашинуудыг ашиглаж байна. Нийт сумын 30-40 хувийнх нь автомашиныг шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн. Мөн энэ машинууд яаралтай түргэн тусламж үзүүлэх, хүнд өвчтөн зөөвөрлөх, тээвэрлэхэд маш их асуудалтай байдаг. 

Бидний өнөөдөр гардуулж буй энэ машинууд өвчтөнийг зөөх дамнуурга, хүчилтөрөгчийн аппаратаар бүрэн тоноглогдсон” гэлээ. 

Засгийн газраас энэ онд багтаан 330 сумын 30 хувийг Японд үйлдвэрлэгдсэн, иж бүрэн тоноглогдсон автомашинаар хангах чиглэлээр ажиллаж байгаа ажээ. Үүнийг Дэлхийн банкны төслийн санхүүжилтээр хийх аж.

Кобаяши Хироюки: Энэ автомашинуудаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарын асуудлыг бүрэн шийдэхгүй ч хувь нэмрээ оруулж байгаадаа маш их баяртай байна

Ковид-19 цар тахлын үед Япон улсын Засгийн газраас Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд зориулан 2020 оны зургадугаар сард нэг тэрбум иенийн буцалтгүй тусламж олгожээ. Үүний 59,37 хувийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв болон төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төвүүдийг эмчилгээ, оношилогооны нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангахад, 31,32 хувийг АШУҮИС-ийн харъяа Монгол-Японы сургалтын эмнэлэгт, 3,91 хувийг Онцгой байдлын ерөнхий газарт тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Энэ хүрээнд Япон улсад үйлдвэрлэсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, түргэн тусламжийн автомашин болон эмнэлгийн бусад хэрэгслийг 2021 оны дөрөвдүгээр улирлаас нийлүүлж эхэлсэн байна. Үүний нэг хэсэг болох түргэн тусламжийн автомашинуудыг гардуулж буй нь энэ аж. 

Энэ талаар Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Кобаяши Хироюки “Япон, Монголын Засгийн газар 1990 оноос харилцаж, тусламж дэмжлэг үзүүлж ирсэн.

Япон улс хүний нөөцөө түшиглэн хөгжиж ирсэн. Аливаа улс хөгжихийн тулд хүний нөөц маш чухал. Харин хүний нөөц гэдэг бол боловсрол, эрүүл мэнд юм. Тийм учраас бид Монгол Улсын эрүүл мэндийн салбарт анхаарч, тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэ удаад бид түргэн тусламжийн 24 машиныг хүлээлгэн өгч байна. Хэдийгээр энэ нь эмнэлгүүдийн асуудлыг бүрэн шийдэхгүй боловч бага ч болов хувь нэмэр оруулж байгаадаа маш их баяртай байна” гэлээ. 

Д.Болормаа: Манай сумын эмнэлэг жилд 260-280 дуудлагад явдаг. Дуудлага бүртээ донсолгоо ихтэй замаар явж, “Фургон”-оор өвчтөнөө тээвэрлэх хүнд байдаг

Түргэн тусламжийн машиныг 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, ГССҮТ-ийн Түлэнхийн төвд гардуулсанаас гадна Өвөрхангай аймгийн Богд, Баянхонгор аймгийн Баацагаан сумын эмнэлэгт олгосон юм. Баацагаан сум аймгийн төвөөсөө 150 км зайд оршдог. Тал, хээр хосолсон нутаг учир жалга дов, шавар шавхай ихтэй. Тийм ч учраас холын дуудлагад явах, аймгийн төв рүү өвчтөнөө тээвэрлэх зэрэг нь том асуудал болдог байна. 

Энэ талаар Баянхонгор аймгийн Баацагаан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Болормаа “Манай сум 3300 орчим хүн амтай. Жилд дунджаар 260-280 дуудлагад явдаг. Одоогийн нөхцөлд “Фургон” машинаар дуудлагад явж байна. “Фургон” хэдийгээр туулах чадвар сайтай ч хүнд ая тухтай байдал үүсгэдэггүй, донсолгоо ихтэй. Өвчтөнөө зөөхөд ч хүндрэлтэй байдаг. Өнөөдөр Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар өвчтөнүүдийн ая тухтай байдлыг хангахуйц, бүрэн тоноглогдсон автомашинтай болсондоо маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу