Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах санаачилга 2010 оноос эхэлж, 2014 онд “Кью Эс Си” компани “Уул уурхай, металлургийн цогцолбор” төслийг бүрэн хэрэгжүүлэхээр Засгийн газар (Эдийн засаг, хөгжлийн яам)-тай концессын гэрээ байгуулсан. Эндээс хуудуутай хэлцлийн маргаан эхэлж, өнөөдрийг хүртэл төр, хувийн хэвшлийн дунд “зодоон” үргэлжилсээр буй юм.

Концесс эзэмшигчид гэрээний үүргээ биелүүлээгүй, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, явцуу ашиг сонирхлоор хандсан нь төр өмчөө эргүүлэн авах, гэрээг цуцлах шалтаг, шалтгаан болсон гэдэг.

Бид “Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижиртэй ярилцлаа.



“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР АЧАА АЧИХГҮЙ Л БОЛ ӨӨР БУСДАД ДАМЖУУЛАН ТҮРЭЭСЛЭХ ЯМАР Ч ЭРХГҮЙ, ХАТУУ ГЭРЭЭТЭЙ БАЙСАН”

-Д.Эрдэнэбилэгийн үеэлийн байгуулсан, төрсөн эгч Д.Оюун нь захирлаар нь ажилладаг “Төмөр замын зураг төслийн институт” гэдэг компани нэг ч вагонгүй мөртлөө Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн борлуулалтын орлогоос 15 сая ам.доллар, дээр нь 10 тэрбум төгрөг татаж, вагон аваад, тухайн компани өөр дээрээ вагонуудыг нь бүртгүүлсэн гэж үнэн үү? Тэр вагоноо эргүүлээд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт түрээслэсэн юм уу?

-Асуудал 2016 оноос эхэлсэн. 2017 оныг дуусах хүртэл Төмөртэйн уурхайд Улаанбаатар төмөр замаас вагон нийлүүлдэг байсан. Гэтэл 2017 оноос эхлээд вагоны хөдлөх бүрэлдэхүүний дутагдалд орж, тэнд огт вагон нийлүүлэгдэхээ больсон буюу Дарханы төмөрлөгийн үйлдвэр борлуулалтгүй болоод, маш хүнд байдалд орсон. Тэр үед Дарханы төмөрлөгийн үйлдвэрт вагон худалдаж авах мөнгө ч байхгүй, цалин олгохдоо зээл аваад, зөвхөн гар дээр олгохыг нь тавиад хүртэл явж байсан. Бид хөдлөх бүрэлдэхүүнтэй болох ёстой юм байна гэж яриад, “Төмөр замын зураг төслийн институт” гэдэг компанитай ажиллаж эхэлсэн. “Кью Эс Си” компани зээл олгож байгаад, “Та нар вагон олоод ир ээ, бид тэр вагонуудыг Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр ашиглана” гэж хэлээд, вагон олж ирэх ажил эхэлсэн. Тэр үед ямар боломж байсан бэ гэхээр ОХУ 20 орчим жилийн, ашиглалтын хугацаа дууссан вагонуудаа актлаад зарж эхэлж байсан.

-Нэг хэсэг хуучин вагон оруулж ирсэн гэж маш их шүүмжлүүлсэн санагдаж байна?

-Тийм ээ, хуучин вагон гэж маш их шүүмжилсэн. Тэр үед вагоны асуудалтай болсон, ОХУ-ыг тойрсон станы орнууд болон Монгол хооронд зарсан вагонуудыг худалдаж авах “өрсөлдөөн” эхэлж, түүнд “Улаанбаатар төмөр зам”, “Кью Эс Си” компани орсон. “Улаанбаатар төмөр зам”-ынхан 1000 вагон худалдаж авна гээд, тэр үед Жигжиднямаа дарга, “шилэн” Цогоо нар тэр вагонуудыг олж авах ажлыг хийсэн. 1000-ын захиалга аваад, гэрээ хийгдсэн, 500-600 орчим вагон оруулж ирсэн. Гэтэл хуучин вагонууд “Улаанбаатар төмөр зам”-д шахах гэлээ гэж тэр хоёрыг маш их буруутгасан. Тэр вагонууд Монгол Улсад экспортын үйл ажиллагаа явуулахад маш чухал хэрэгцээтэй байсан байхгүй юу. “Төмөр замын зураг төслийн институт” компани тэрнээс 400-гийн захиалга хийж оруулж ирсэн. Хуучин вагонууд, нэлээн засварлаад, 2017 оны намраас орж ирсэн. Хоёр жил гаруй хугацаанд нэлээн хэдэн вагон засварлаад, Дарханы төмөрлөгийн үйлдвэр экспортын үйл ажиллагааг “Төмөр замын зураг төслийн институт” компанийн вагоноор явуулж эхэлсэн. Тэд хуучин вагон байсан учраас байж байгаад л тээврийн үйл ажиллагаа нь салчихдаг ийм их асуудалтай явж ирсэн. Нөгөө 400 чинь бас л хангалтгүй учраас бид тус компанийг “Та нар Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 1250 вагон оруулж ир ээ” гэсэн.

-Яг 1250 вагон Монголд орж ирээгүй байх аа?

-1250 вагон оруулж ирэхдээ шинэ вагон гэсэн нөхцөл тавиад, “Жилийн тээврийн үйл ажиллагааны 30 хувийн төлбөрийг та нарт өгнө. Та нар үүнийг ашигла” гээд, 1250 вагон олж ирэх гэрээ хийгдсэн. Түүнээс 300 орчим шинэ вагон орж ирээд, Хятадын хил хаагдаад, тээвэрт орж ирж чадахгүй явж байгаад, хил нээгдэнгүүт прокурорын шийдвэрийн дагуу Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн экспортын ачааг сарын хугацаатай зогсоосон. Сарын хугацаа нь дууссан, дараа нь сунгасан. Ийм байдлаар явсаар Концессын гэрээг цуцалсан. Бид тэр вагонуудын үр шимийг хүртэж чадаагүй. Асуудал үүсээд, 1250 вагоноос эхний 300 нь орж ирээд зогссон. “Төмөр замын зураг төслийн институт” компани ингэж зогсоож байгаа бол мөнгөө буцаагаад төлчих гэхээр нөгөө компани нь буцаагаад өгдөггүй. Тэгсэн мөртлөө нөгөө вагонуудаараа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ачааг зөөх ёстой байсан ч нүүрсэнд хууль бусаар явуулж эхэлсэн.

-Ямар учраас хууль бусаар явуулж эхэлсэн гэж үзэж байна вэ?

-Бид “Төмөр замын зураг төслийн институт” компанитай гэрээ байгуулахдаа “Та нар вагон оруулж ирнэ. Вагон оруулж ирэхэд чинь бид дэмжлэг үзүүлсэн учраас та нар мөнгө урьдчилж өгсний давуу талыг бид яаж хэрэглэх вэ гэхээр бидэнд зах зээлийн үнээс хямдаар вагон түрээслүүлнэ, дээрээс нь ачаатай нөхцөлд зөвхөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ачааг зөөнө, өөр зүйлд явуулах боломж бий ч явуулахгүй, бид л ачаагаа зөөнө гэсэн хатуу гэрээтэй байсан. Хэрвээ Дарханы төмөрлөгийн үйлдвэр ачаагүй болсон нөхцөлд та нар вагонуудаа өөр газар хэрэглэж болохгүй гэсэн хатуу гэрээтэй байсан. Өөрөөр хэлбэл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр өөрсдийнхөө ачааг ачихгүй л бол өөр бусдад дамжуулан түрээслэх ямар ч эрхгүй байсан. Гэтэл нөхдүүд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ачааг зөөхгүйгээр, нүүрсэнд, жоншинд явуулсан гээд төрийн өмчийн байгууллагуудад түрээсэлсэн асуудал ярьж байна лээ. Энэ бол хууль бус үйлдэл. Тэр гэрээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт маш их ашигтай, тээврийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай, хөдлөх бүрэлдэхүүний асуудлыг шийдвэрлэхэд нэн таатай гэрээ байсан.

-Хэрвээ асуудал үүсээгүй, гэрээ цааш үргэлжилсэн бол ямар ашиг хүртэх байсан бэ?

-Цааш үргэлжилсэн бол нөгөө компани нэмээд 900 гаруй вагон оруулж ирэх ёстой байсан. Гэтэл тэр ажлыг зогсоочихсон. Нөгөө компани ч вагонуудаа цааш нь түрээслээд, зарсан асуудал явж байгаа юм билээ.

“ТӨР 2018 ОНД БАРИХ-ШИЛЖҮҮЛЭХ БОЛГОЖ ӨӨРЧИЛСӨН ТОГТООЛОО ЦУЦЛААД, БИДНИЙГ ӨРТЭЙ БОЛГОСОН”

-2014 оны Төмөртэйн ордоос Болдтөмөр ерөө голын Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр замын анхны шинэчлэн сайжруулах-барих-ашиглах-шилжүүлэх гэрээг ямар учраас 2015 онд барих шилжүүлэх болгосон юм бэ? Тухайн үед төмөр зам тавих өртөг нэг км нь хэд байсан бэ? Улсаас 211 тэрбум төгрөг төмөр замын төлбөр гэж гаргуулж авсан гэдэг юм билээ. Энэ үнэн үү?

-Төмөр замын төсөл анх Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан байсан. Анхнаасаа төр өөрөө бариулаад, бидэнд төлбөрийг нь төлнө гэсэн Хөрөнгө оруулалтын гэрээтэй байсан. Концессын гэрээ болж өөрчлөгдөхөд тэрэн дотор барих-ашиглах-шилжүүлэх болж өөрчлөгдсөн. Магадгүй тухайн үед үндэсний компани төмөр зам барина гэхээр хүмүүс төсөөлөөгүй байх. Яагаад вэ гэвэл тийм түүх байхгүй. Гэтэл бид түүнийг 2014 онд гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулаад, тухайн үед 109 орчим сая ам.доллар орсон байдаг санагдаад байна. Бид ярьж байгаад 106 сая 888 мянган ам.долларын гэрээ байгуулж байсан. Энүүгээр бодвол, бид 1 км төмөр замын өртөг 3 орчим сая ам.доллар болж байгаа юм байна гэсэн төсөөлтэй гэрээ хийгдсэн. Төмөр замын ажил маань маш эрчимтэй явагдсан, маш сайн явж байх үед төр засгийн байгууллагууд энэ төмөр зам маш хурдан баригдчих юм байна, тэгэхээр 100 хувийн өмчлөлтэй “Монголын төмөр зам” компани өөрөө суурь бүтэцгүй байсан учраас энэ төмөр замыг төрд хүлээж аваад, улсын “Монголын төмөр зам” компанийг суурь бүтэцтэй болгоё гэдэг шийдлийг нөхдүүд гаргасан.

-Шийдвэрийн үндэслэл юу байсан бэ?

-Төмөртэйн орд бол өөрөө стратегийн орд. УИХ Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг баталсан. Түүнд юу гэж заасан бэ гэхээр стратегийн ордод чиглэсэн төмөр зам бол нийгэм, эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий төмөр замд тооцогдоно. Нийгэм, эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий төмөр замыг төр эзэмшинэ гэж заасан байдаг. Энэ заалтыг бариад, нөхдүүд танай энэ төмөр замыг концессыг нь барих-шилжүүлэх болгож өөрчлөөд, төрд шилжүүлж авна гээд, шийдвэрээ 2015 оны 9 дүгээр сард гаргасан. Төмөр замын ажил маань амжилттай хэрэгжиж дуусаад, 2015 оны 12 дугаар сард бид Улсын комисст хүлээлгэж өгсөн. 2016 оны хоёрдугаар сард Засгийн газрын энэ төмөр замыг “Монголын төмөр зам” компанид шилжүүлнэ гэсэн шийдвэр гаргаад, бид бүтээн байгуулалтаа 100 хувь хүлээлгээд өгсөн.

Улс концессын гэрээнд тусгагдсаны дагуу төлбөрийг нь нэг дор төлөхгүй, 80 хувийг нь төлнө гэж хэлээд, мөнгө байхгүй учраас 183 тэрбум төгрөгийн вексель бичиж өгсөн. Вексель гэдэг нь Засгийн газар өөрөө зээлээр хангаж байна гэсэн бичиг баримт. Засгийн газрын үнэт цаас учраас түүнийг өөр бусад арилжааны банкуудад худалдах замаар мөнгөө гаргаж аваад, ашиглаад явах боломжтой төлбөрийн хэрэгсэл. Нөхдүүд 2018 онд барих-шилжүүлэх болгож өөрчилсөн тогтоолоо цуцалсан. Эргээгээд биднийг өртэй болгосон. 2022 онд бүр Концессын гэрээг цуцалсан. Тэгэнгүүтээ 183 тэрбум төгрөгийн дүн, дээрээс нь өөрсдөө үнэт цаас гаргасан, тэр нь хүүтэй байдаг, тэр хүүгийн төлбөр нийлээд 211 тэрбум төгрөг болоод байх шиг байгаа юм. Тэр дүнгээ нийлүүлээд, “Кью Эс Си компани” хохироосон гэдэг.

Улс өөрөө төмөр замтай болчихсон, дээрээс нь төмөр замд төлсөн төлбөрөө хохирол гээд биднээс нэхэмжлээд, төмөр замыг үнэгүй авах гээд байгаа юм уу, ийм л нөхцөл байдал үүсчихээд байгаа юм. Энэ бол маш ойлгомжгүй, бүдүүлэг, дээрмийн шинж чанартай үйлдэл гэж хэлэх байна. Тэр нь авто замын төсөл дээр яг адилхан явагдаад байгаа юм.

-“Кью Эс Си” компани концессын гэрээний дагуу Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагын эрхийг хэрэгжүүлж байсан атлаа гэрээнд тусгаагүй хууль бус “Мэргэжлийн зөвлөгөө болон техникийн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж, улиралд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үйлчилгээний төлбөрт 2,5 сая ам.доллар төлөх үүрэг хүлээлгэж, нийтдээ 130 тэрбум төгрөгийг 2027 он хүртэл урьдчилж авсан байдаг. Энэ яг юуны төлбөр вэ?

-Дарханы төмөрлөгийн үйлдвэрт явуулсан үйл ажиллагаан дээрээ бид менежментийн төлбөр гэж өмнө нь огт авч байгаагүй. 2017 оноос менежментийн үйл ажиллагааны төлбөр гэж авдаг болсон. Энэ бол яг л Дарханы төмөрлөгийн үйлдвэрт үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зардлыг нөхөх зорилгоор хийгдсэн гэрээ. Энэ гэрээг хууль бус гэж яриад байгаа юм. Хууль бус, хууль бус биш байна уу гэдгийг хуулийн байгууллага тогтооно. Бидний зүгээс ямар ч хууль бус үйл ажиллагаа хийгээгүй. Угаасаа иймэрхүү гэрээ байдаг жишиг ч байдаг, ийм төрлийн гэрээ байгуулах эрх олгогдсон, боломжийнхоо хүрээнд байгуулагдсан гэрээ.

-“Кью Эс Си” компанийн толгой компани болох оффшор бүсэд бүртгэлтэй “Куалити стийл корпорейшн” компани хоорондын тооцоо нэрээр 5,8 сая ам.доллар шилжүүлсэн байдаг. Энэ хаана бүртгэлтэй, ямар зорилгоор байгуулсан компани вэ, эцсийн өмчлөгч нь хэн бэ?

-“Кью Эс Си” компанийн толгой компани бол “Куалити стийл корпорейшн” компани. Үндэсний хөрөнгө оруулагч, эзэд нь монгол хүмүүс байдаг. Ер нь иймэрхүү маргаан болж байхад Монголд хэд хэдэн шалтгаантай асуудал үүсдэг. Монголд асуудлыг шударгаар шийдвэрлэхэд маш хэцүү байгаа ч бид толгой компанийг өөр улсад хамгаалалт авах зорилготой байгуулсан. Хоёрдугаарт, хэрэгжүүлж буй төслүүдийн санхүүжилтийг босгож ирэхэд толгой компани нь гадаад байхаар мөнгө төлбөр, зээлийн асуудал шийдэхэд их дөхөмтэй байдаг. Хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч тал руугаа илүү ойртсон гэсэн үг. Ийм шалтгаанаар бид толгой компанийг гадаадад байгуулсан нь үнэн. Энэ бол өөрсдийнхөө үйл ажиллагааг илүү сайн явуулах л гэсэн санаа. Эцсийн өмчлөгч нь монгол хүмүүс хэвээрээ л байна. Тэгэхээр үндэсний хөрөнгө оруулагч компани.

“МАШ БҮДҮҮЛЭГ, ХУУЛЬ БУС АЖИЛЛАГАА”

-Концесс хэрэгжүүлж байх үеийн буюу 2014-2022.4 сар хүртэлх хугацааны татварын өр төлбөр татварын байгууллагын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтаар нийт 353,5 тэрбум төгрөгт хүрсэн байна лээ. Яаж ийм их хэмжээний өр үүстэл татвараа төлөхгүй үйл ажиллагаа явуулаад байсан хэрэг вэ?

-2021 оны эцсийн байдлаар биднийг байхад 120 гаруй тэрбум төгрөгийн өглөг үүссэн байсан. Үйл ажиллагаа үргэлжлээд явж байсан бол төлөгдөх боломжтой, төлөгдчих л байсан дүн. Тухайн үед хил гааль хаагдсан зэрэг маш олон асуудал байсан. Гэтэл одоо шалгасан чинь 350 давсан гэж яриад байх юм. Бид тэрийг авч үзээгүй, тийм өр төлбөр байх учиргүй. Нөхдүүд төлөхгүй байгаа учраас торгууль, алданги нь нэмэгдсэн юм уу, хаанаас тийм тооцоо гаргаад ирснийг бид харж байж л тайлбар хэлэх боломжтой. Тэр хүмүүс өөрсдөө нэг юм гаргачихаад, бидэнд үзүүлэхгүйгээр ийм юм яриад байгаа нь маш бүдүүлэг, дээрээс нь хууль бус үйл ажиллагаа гэж хэлэх байна.

-Яагаад?

-Төрийн хяналт шалгалт хийх тухай хууль гэж байдаг. Аудитын үйл ажиллагаа явуулах тухай хууль гэж бий. Өөрөөр хэлбэл, хяналт шалгалттай холбоотой, үүн дотор хяналт шалгалт явуулахтай холбоотой хуульчлаад заачихсан, маш энгийн дүрэм байдаг. Тэр дүрэм нь, хэрвээ ямар нэгэн хяналт шалгалт явуулах гэж байгаа бол ийм удирдамжийн дагуу ийм ийм юм шалгах гэж байна, ийм ийм хүмүүс оролцож шалгана, тэднээс тэдний хооронд шаардлагатай материалуудыг гаргаж өгөөрэй гээд шалгуулах гэж байгаа хүмүүст нь танилцуулдаг. Шалгуулах гэж байгаа хүмүүс нь шаардлагатай материалаа гаргаж өгч, шалгуулдаг. Тэр улсууд дүгнэлтээ хийнэ, гарсан дүгнэлтээ эргээд шалгуулж байгаа улсуудад нь ийм ийм зөрчил оллоо гээд танилцуулдаг. Эсвэл ойлгохгүй байгаа юман дээрээ тайлбар авдаг. Түүн дээр үндэслээд, хяналт шалгалтын ажил эцэслэгддэг хуультай. Гэтэл энэ нөхдүүд биднийг оролцуулахгүй, юу ч танилцуулахгүйгээр баахан шийдвэрүүд гаргаж ирчихээд, ноднин 2.1 их наядын алдагдалтай гэдэг үндэслэлээ үзүүлэхгүйгээр телевизээр зарлаад яваад байгаа юм.

-Энэ бүхний цаана улс төрийн ашиг сонирхол байна гэж та бодож байна уу?

-Одоо яг тэгж л харагдаж байна. Сүүлд нь бүх үйл явцыг ухраагаад бодоод үзэхэд ерөөсөө л улс төрийн зорилготой. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт бидний 10 гаруй жилийн турш хийсэн хөрөнгө оруулалт, бэлэн болсон бүтээн байгуулалтын ажил руу шургаж орох гэсэн улсууд байна. Дээрээс нь, сүүлийн үед болж байгаа үйл явдлуудаас харахад, гадны улсуудад өгнө гээд амалчихсан юм биш үү ч гэж бодогдож, тийм дүр зураг харагдаж байна. Тийм учраас энэ ерөөсөө цэвэр улс төрийн ашиг сонирхолтой. Хийгдсэн процесс нь ч бас тийм. Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр бараг 2017 оноос хойш 20, 30 удаа хяналт шалгалт хийгдсэн. Ажил хийх нөхцөл байхгүй. Янз бүрийн “зохиомол” хэрэг төвөгт татдаг. Яллах тогтоол руу хийдэг. Төсөл удирдаж байсан би таван жил хилийн хоригтой явж байна. Дээрээс нь энэ компани муу гэсэн янз бүрийн мэдээлэл яваад, компанийн нэр төрд халдаж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэдэг. Хурааж авах процессын өмнө Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн экспортын үйл ажиллагааг прокуророос “Шалгаж байна” гээд зогсоосон.

Өмнө нь 20, 30 удаагийн шалгалтыг үйл ажиллагааг нь зогсоохгүйгээр, 1500 гаруй хүний ажлын байр, цалин хөлсний асуудлыг эрсдэлд оруулахгүйгээр явуулаад болоод байсан юм. Яагаад гэв гэнэт экспортын үйл ажиллагааг нь зогсоож, тэр олон хүнд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэв? Бухимдал бий болгох зорилготой байсан юм байна гэж би бодсон, сүүлд нь. Дараа нь Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй огт хамааралгүй хүмүүс хүрч ирж, “Улсад авна” гэж жагсаал хийсэн. Тэгэнгүүт Дархан-Уул аймгийн Засаг дарга нь аймгийнхаа театрт “Нээлттэй сонсгол” гэж зохион байгуулсан. Театртаа намынхаа үүрийн бүх хүнийг цуглуулж, урд нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхнийг суулгаж байгаад, яриаг нь сонсохгүйгээр, чичилж дайрсаар байгаад дууссан тийм нэг үйл явдал болсон. Дараагийн долоо хоногт нь мөрдөгчийн бичиг баримт гэдэг бичиг баримт дээр үндэслээд, концессын гэрээг цуцалсан.

-Энэ асуудлаас болж хэчнээн хүн ажлын байргүй болсон бэ?

-Би одоо хашааны гадна гарчихсан байгаа учраас яг хэчнээн хүн ажлын байргүй болсон талаар нарийн мэдэхгүй байна. Хэвлэл мэдээлэл, энд тэндээс чихэнд хүрсэн мэдээллээр, 280 гаруй хүн гэж яригдаад байна лээ. Магадгүй солигдоод өөр хүмүүс орсон л байх даа. Ажлаа хийгээд явж байсан маш олон хүний ажлыг хэвийн бус болголоо. Дээрээс нь маш олон хүнд “сул зогсолт” гээд, орлогыг нь маш удаан хугацаанд маш багаар тооцож олгож байна. “Сул зогсолт” гэхээр үндсэн цалингийнх нь 60 хувийг олгодог. Жишээ нь, сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэхэд үйл ажиллагаа явагдаж байхад илүү цагийн нэмэгдэл зэрэг тооцогдоод, бараг 2 сая гаргаад авдаг. Гэтэл сул зогсож байна гээд, 60 хувийг нь өгчихөөр 600 мянган төгрөг, орлого нь маш их буурдаг. Сүүлд нь бид мундаг, 60 хувиа 80 хувь болголоо гэж зарлаад байгаа ч маш бага хэвээрээ л байна.

-Та ингэхэд аль намын гишүүн бэ? 

-Би нам бус.

-Таныг ямар ямар зүйл ангиар буруутган шалгаж байгаа вэ?

-Яригдаад байгаа асуудлуудаар буруутган шалгаж байна. Үндэслэлгүйгээр янз бүрийн хохирол гаргаж ирээд, миний гаргаж байсан шийдвэрүүдийг үндэслэлгүйгээр буруутгаж байна. Бидний хэвийн үйл ажиллагааг үгүйсгэж, гэв гэнэт хохирол учруулсан гээд, ямар ч үндэслэлгүй цоо шинэ тоонууд гаргах зэргээр буруутгаж байна. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч гээд өөр мэргэжлийн хүмүүсээр шалгуулаад байна. Уул нь энэ хохирол энэ тэр гээд байгаа зүйлүүдийг төр засгийн мэргэжлийн, юм ойлгодог хүмүүс нь шалгах ёстой байгаа юм. Энэ ажиллагаанд оролцоод байгаа хүмүүс нь өөрсдөө биднээс тодруулж асуух ёстой юм. Би зарим үндэслэл гэх зүйлийг нь яагаад ингээд байгаа юм бол гээд, ойлгохгүй байгаа юм. Хохирол 1.2 гээд, түүн дээрээ нэмээд, хэдэн их наядын тоо тавьчихаад байгаа юм. Тэрэн дотор түрүүний ярьсан авто зам, төмөр замын төсөл бий.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу