Засгийн газар аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэлээр нэрлэж, 2023-2025 оныг Монголд зочлох жилээр зарласан. Үүнтэй холбогдуулан “Монголын эдийн засгийн форум 2023” долдугаар сарын 9, 10-нд Төрийн ордонд зохион байгуулагдаж байна.

Арав дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү форумыг нийт 1500 зочин төлөөлөгч зорин иржээ.

Тодруулбал, төр засгийн 300, гадаадын 500, хувийн хэвшлийн 300, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл 400 тус тус байгаа аж.

“Монголын эдийн засгийн чуулган 2023″-ыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэв. Гүйцэтгэх засаглалын тэргүүн болон Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар нар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар чуулганы үндсэн гол илтгэлүүдийг тавилаа.

Мөн Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч болон “Рио Тинто” группийн ТУЗ-ийн дарга нар биечлэн оролцож, илтгэл тавина.

Өмнө нь чуулган зөвхөн Төрийн ордонд нэг өдөр хуралддаг байсан бол энэ удаа 3 өдөр үргэлжилж, салбар хуралдаанууд болон нүүр тулсан ажил хэргийн уулзалтууд “Чингис хаан”-ы музей, “Шангри-Ла” зочид буудал зэрэг 5-6 байршилд болох талаар зохион байгуулагчид өмнө нь мэдээлж байсан билээ. Урлаг, соёлын үйл ажиллагаанууд УДЭТ болон Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт болно.

“Монголын Эдийн засгийн чуулган-2023”-ын салбар хуралдаанууд “Ирээдүй хөгжил-Газрын ховор элемент, зэс, уран”, “Хөрөнгө оруулалтын орчин”, “Шинэ эрчим хүчний эх үүсвэр-Нар, салхи, устөрөгч”, “Бүс нутгийн хамтын ажиллагааны боломж-Далайд гарцгүй орны гарц” зэрэг сэдвээр болох юм.

Мөн соёл, урлагийн үйл ажиллагааны үеэр чуулганы зочид, төлөөлөгчдөд “Тамгагүй төр” жүжгийг англи хэлээр тоглож үзүүлэхээр төлөвлөжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу