Үндэсний их баяр наадам маргааш буюу (2023.07.11)-ны өдөр эхлэхтэй холбогдуулан ГССҮТ, НЭМҮТ, ЦЕГ, ОБЕГ, ЦУОШГ-аас иргэдэд эрүүл ахуй, аюулгүй байдлын зөвлөмж мэдээллийг хүргэлээ.

ОБЕГ: Иргэдийн аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Усанд осолдохоос сэргийлэн ОБЕГ, ЦЕГ хамтран завьт эргүүл 13 дах жилдээ хэрэгжүүлж байгаа. Баяр наадмын өдрүүдэд үргэлжилсэн бороо орж гол ус үерлэх аюул учирч болзошгүй байдалд байгаа учир гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдийн анхаарал болгоомжийг нэмэгдүүлэх, баталгаат зам гүүрээр зорчих, малчин ард иргэд үерийн аюулаас сэргийлэх, бага насны хүүхдэд хийлдэг завь ашиглуулахгүй байхыг анхааруулж байна. 

ЦУОШГ: Энэ сарын 3-наас 6-ны хооронд Төв болон зүүн аймгуудын нутгаар их хэмжээний бороо орсон нь аюултай түвшинд хүрээд байгаа. Одоогоор Төв аймаг Лүн сум орчинд үерийн төвшнөөс 10 см нэмэгдсэн байдалтай.

Анхаарал татах хэмжээний хур тунадас 10-11-нд шилжих шөнө Хөвсгөл, Булган, Архангай аймгийн нутгаар орох төлөвтэй. 11-нд Хэнтий аймгийн хойд хэсэг болон Архангай, Булган, Хөвсгөл аймгийн нутгаар усархаг бороо орно. Нийслэл хотын хэмжээнд 10-11 шилжих шөнө бага зэргийн бороо орно. 11, 12-нд аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул наадамчдыг анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг хүсье. 

ГССҮТ: Долоодугаар сарын 11-наас 16-ны өдрүүдэд осол гэмтлийн тохиолдол ихэсдэг. Тэргүүлэх шалтгаан нь зам тээврийн осол байдаг. Иймээс жолооч та ядарсан үедээ жолоо барихгүй байх, шөнө оройн цагаар гэрлээ шилжүүлж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Мөн хоол хүнсний аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй. Хорхогыг зөв саванд хийх, хийг зөв гаргах зэргийг сайтар анхаарах. Хэрэглээний бохирдол ихэссэн үед арьсны бүрэн бүтэн байдал алдагдах, бохир орох, нянгаар халдварлах эрсдэл үүсдэг. Ийм учраас зүссэн, шалбалсан, бэртсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандахгүй бол хүндрэх, өрөвсөх эрсдэл бий болдог.

НЭМҮТ: Баяр наадмын өдрүүдэд хүнс, усны аюулгүй байдлыг бүрэн хангахыг зөвлөж байна. Аялал зугаалгаар явах үед хүнсний найдвартай, чанартай байдлыг сайтар анхаарах хэрэгтэй. Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх. Үерийн усанд автсан хүнсний бүтээгдэхүүнийг аль болох худалдаж авахгүй байх.

Муу усны нүхийг ариутгах. Үерийн улмаас халдварт өвчин үүсэх эрсдэлтэй байгаа тул аль болох хувийн ариун цэврийг сахих нь зүйтэй. 

ЦЕГ: Нийслэлийн тодорхой зам байршлыг хааж, цэвэрлэгээ үйлчилгээг хийж байгаа. бяр наадмын үеэр иргэдийн хөдөлгөөнийг тодорхой зам гудмаар хааж, зохицуулахаар болж байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд одоо байгаа ашиглах боломжтой талбайг ашиглан наадам үзэгчдийн машиныг байрлуулахаар төлөвлөж байна. Мөн нийтийн тээврээр иргэдийг тээвэрлэх юм. 8 автобусаар 5минутын давтамжтайгаар зөөвөрлөж байх юм.  Уг ажилд Нийтийн тээврийн гараас 30 орчим автобусыг бэлдээд байна

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу