Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлсөн нь Монгол Улсыг ч дайран гарав. Энэ хүрээнд Монгол Улсын Их хурал Коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийг батлан дагаж мөрдсөн.

Коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2-т “…албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасан. Хуулийн үйлчлэл өнгөрөгч оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болж, Төрийн албаны зөвлөлөөс мэдэгдэл гаргаж нэр бүхий 6 яам, 17 агентлагийн дарга ажлаа өгсөн. Цар тахлын идэр есийн хүйтэнд нялх биетэй эхийг гадуур хувцасгүй, гэрийн шаахайтай тээвэрлэсэн нь иргэдийг бухимдуулж, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатараас эхлээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар хоёр жилийн өмнө бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байв. Л.Төмөрбаатарын оронд Цар тахлын хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтгүй томилогдсон НЭМГ-ын дарга Б.Бямбадорж өнөөдөр ч хуулинд захирагдалгүй ажлаа хийж байна. Тулгар эмэгтэй төрөх эмнэлгийн гадна машиндаа төрж, цар тахлын үед “Энэрэл” эмнэлгийн гадна эмнэлгийн үйлчилгээ авч чадалгүй иргэн нас барахаас маш олон зүйл дээр тэр хариуцлага хүлээсэнгүй. Цар тахлын хуулиар ажлаас нь чөлөөлж, сонгон шалгаруулалт ч зарласангүй.

Төрийн албаны зөвлөлөөс мэдэгдэл гаргасан ч мэдэгдлийг биелүүлэхгүй байна.
Хуулийн хэрэгжилтийг хангуулах албан тоотыг ТАЗ-ийн дарга Б.Баатарзориг Төрийн байгууллагуудад хүргүүлсэн ч НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид хэрэгжээгүй байдаг.

Б.Бямбадоржоос бусад хүмүүст Цар тахлын хууль үйлчилдэг ийм байж болох уу, Хотын дарга Д.Сумъяабазар аа. Монгол төрийн хууль, Төрийн албаны зөвлөлийн шийдвэр эсхүл энэ хүнд хамаагүй байдаг юм уу. Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан мэдэгдэлд “Төрийн албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон иргэн, албан хаагчийг албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг гаргаагүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу төрийн албанд хууль бусаар томилогдсон гэж үзэж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш олгосон цалин хөлс, нэмэгдлийг төрд учруулсан хохиролд тооцож, буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхийг мэдэгдье” гэсэн байгаа юм. Төрийн албаны зөвлөлийн уг бичигтэй Хотын дарга Д.Сумъяазар танилцаагүй явна гэж байх уу. Ямартай ч хуулийн хүрээнд Б.Бямбадоржийгоо чөлөөлөхгүй бол энэ хүнийхээ авсан цалин хөлсийг та өөрөө төлж мэдэх нь, Хотын дарга аа. 

Б.Бямбадорж томилогдсоноос хойш хоёр жилийн хугацаанд хэрхэн ажиллаж ирснийг бид өмнө нь нийтлэлээрээ хүргэсэн. Аудитад удаа дараалан бүдэрч Л.Төмөрбаатараас хойш сахил хүртсэн биш шал дордлоо, Нийслэлийн эрүүл мэндийн газар. Өмнөх нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

Хариуцсан ажил нь хангалтгүй байгааг аудит тогтоож, алдаа завхрал нь ил болсоор байхад Б.Бямбадоржийг НЭМГ-ын даргаар ажиллуулсаар байх эрх ашиг хэнд байна вэ. Цар тахлын хуулийн үйлчлэл зогссон ч Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж байгааг санахад илүүдэхгүй.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд ингэж заасан байдаг.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 21 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага21.1.Төсвийн захирагч, энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан этгээдийн гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болно” хэмээн заасан байгаа юм. Цагаан дээр хараар бичиж, Монгол Улсын Их Хурал баталж, даган мөрдүүлж байгаа хуулийг гууль болгож яваа Б.Бямбадоржид хариуцлага тооцохгүй бол цаашид Их хурал нь хууль баталж яадаг юм. Дур дураараа ширэнгийн дүрмээр амьдарцгаая л даа.

Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлд ингэж заасан байдаг.

Түүнчлэн Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага “42.1.Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно” гээд заачихсан. Энэ хуулийг мөн зөрччихсөн. Бид өмнө нь ДБА ХХК-д шилжүүлсэн мөнгөнөөс Нийслэлийн дотоод аудитын улсын байцаагчийн дүгнэлтээр илүү төлөгдсөн 87,251,736.19 төгрөгийг Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, ахлах нягтлан бодогч О.Золзаяа нараар төлүүлж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байгааг баримтаар харуулсан. Б.Бямбадорж ямар сахилгын шийтгэл ногдуулж, аудитын дүгнэлтийн дагуу 87 сая төгрөгөө улсын төсөвт төлсөн үү. Нийслэлийн дотоод аудитаас ийн тогтоочихоод байхад л хууль зөрчин ажилласаар байгаа нь “Хүн биш хууль засаглах ёстой” гэсэн таны үгний эсрэг яваад байна, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өө.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадорж цар тахлын хуулийн үед олон хүнийг ажлаас чөлөөлж, томилгоо хийсэн байдаг. Тухайн хүмүүсийн ажлын туршлага, мэдлэг чадварыг үл харгалзан ийнхүү дураараа томилгоо хийж ирэв. Захиргаа, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Б.Одгэрэл, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НЭМДНЭМХ-ийн дарга О.Энхзаяа, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Отгонбаяр болон Ш.Тэгшбаяраас эхлээд олон хүнийг ажлаас халсан гэдгийг хэлж байна. Тэгвэл Цар тахлын хуулийн хүрээнд Б.Бямбадорж Захиргаа, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн даргаар Н.Урантүлхүүрийг томилжээ. Түүнийг мэргэжлийн бус, төрийн албаны туршлагагүй гэх мэдээлэл бий. Мөн Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Н.Дашдондов, Нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн дарга Б.Нинж, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Э.Есү нар удирдах ажлын туршлага байхгүй бол НЭМДНЭМХ-ийн дарга Ц.Ундрал хүнсний технологич мэргэжилтэй гэнэ. Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга П.Алтанзаяа нь түүний зөвлөх Т.Баярсайханы хамт өмнө нь Эрүүл мэндийн яаманд хамт ажиллаж байсан. Одоо Б.Бямбадоржийн өмнөөс бүх зүйлд нь гүйж явдаг нэгэн гэх. Чанарын удирдлага, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Энхжаргал тэтгэврийн нас нь болсон ч ажлаа хийсээр байгааг эх сурвалжууд хэлж байна. Одоо л хуулиа хэрэгжүүлж ажилламаар байна, Эрүүл мэндийн сайд аа. Байгууллагынхаа дотоод камерын хяналтыг гар утсандаа суулгачихаад ажилтнуудаа хүнтэй уулзахаар “Чи тэрэнтэй яах гэж уулзсан юм” хэмээн хүний эрхэд хүртэл маш бүдүүлгээр халддаг, НЭМГ-ыг Шинонмед эмнэлэг шигээ бодож яваа Б.Бямбадоржийн үйлдэл хэрээс хэтэрлээ. С.Чинзориг сайд аа, таны батлалцсан Цар тахлын хуулиар ажилд томилогдож, таны батлалцсан Төрийн хэмнэлтийн хуулийг уландаа гишгэж, таны хамгийн их ярьдаг Төрийн албаны тухай хуулийг мөрдөхгүй байгаа газрын даргыг яах ёстой вэ.  

Цар тахлын хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг дагаж мөрддөггүй, аудитын шалгалтад удаа дараа бүдэрсэн НЭМГ-ын даргадаа хариуцлага тооцох цаг хэзээ вэ, Хотын дарга аа.

Э.БОЛД

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…