Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадам “Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор үргэлжилж байна.

Эвийн хүчээр мөнхөд тусгаар Монгол Улс оршихыг бэлгэдсэн нээлтийн ёслолд өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн намтар түүхийн гайхамшиг, монголчуудын үнэт өв, нэгдмэл оюун санаа, эв нэгдэл, эрх чөлөө, түүхэн хөгжлийг орчин цагийн урлагийн бүхий л төрөл, хэлбэрээр дамжуулан нийт зургаан бүлгийн хүрээнд илэрхийлэн үзүүлэв.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын ерөнхий найруулагчаар “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар, Уран бүтээлийн найруулагчаар УДЭТ-ын найруулагч А.Чингүн нар ажиллаж буй юм.

Энэ жилийн наадмын нээлтэд орчин үеийн технологийн шийдлийг ашиглан шаардлагатай бүхий л мэдээлэл, тусламж, үйлчилгээг авах боломжтой баяр наадмын виртуал хөтөч ажиллаж байна. Мөн бодит орчинд хийсвэр элементүүдийг нэмж харуулдаг AR технологийн тусламжтай наадмын нээлтийн шууд дамжуулалтыг шинэлэг байдлаар үзэх боломж олгосон нь онцлог байлаа.

Түүнчлэн монгол түмний сүр, хүч, хийморь, зоригийг бадраах эрчит 120 морьтны үзүүлбэр, бүжгийн урлагийн бүх төрлийг багтаасан сонирхолтой, шинэлэг бүжгийн найруулга, шинэ залуу уран бүтээлчдийн үзүүлбэрүүдийг багтааж үе үеийн үзэгч, наадамчдад сонирхолтой, хүртээмжтэй байхаар бэлтгэжээ.

Наадмын нээлтийн ёслолд мэргэжлийн урлагийн байгууллагууд болон чөлөөт уран бүтээлчид, хувийн студи, продакшнуудын хамтарсан 1500 орчим уран бүтээлч оролцож, наадамчин олонд үзүүлбэрээ толилуулсан юм.

“НААДМЫН НЭЭЛТИЙГ ШҮҮМЖ ДАГУУЛАХГҮЙГ ХИЧЭЭЖ УДААН ХУГАЦААНД БОДОЖ ХИЙСЭН”

“Скин энтертайнмент”-ын найруулагч Б.АНАР:  

-Энэ жилийн наадмаар “Эв нэгдлийн тусгаар Монгол” буюу “Эвийн хүчээр тусгаар Монгол мөнхөд оршино” гэсэн утгыг илэрхийлэхийг зорилоо. Мөн мета домог зүй гэсэн шийдэл, хийц ашигласан. Мета домог зүй гэдэг нь цаг хугацаагаар биш, орон зайгаар аялна гэсэн үг.

Баяр наадмын нээлтийг Эв мөнхийн дуулал, Их хөлгөн туульс, Их Монголын заяан цаг, Гурван цагийн нүүдэл, Алтан тэвшийн хөндий, Дэлхийн Монгол гэсэн зургаан бүлэгт хуваан уран бүтээлчид маань үзүүллээ.

Наадмын нээлтийг шүүмж дагуулахгүйг хичээж удаан хугацаанд бодож хийсэн. Мэргэжлийн болон хувийн хэвшлийн байгууллагын нийт 1600 гаруй уран бүтээлч оролцсон.

Энэ жилийн наадамд хүүхэд багачуудаас эхлэн залуучууд, ахмад уран бүтээлчид гээд бүх үеийн төлөөллийг оролцуулсан. Ингэснээр наадмын нээлтийг гэр бүлээрээ тухлан сууж үзэх боломжтой. Сайн, муу наадам гэж байхгүй. Энэ жилийн наадам бол энэ жилдээ тохирсон бэлэгдэлтэй, утга зохиолдоо таарсан наадам боллоо гэж үзэж байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу