Их баяр наадмын үйл ажиллагааны хүрээг өргөтгөж, монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилгоор “Соёлын наадам”-ыг СУИС, Монголын Урлагийн Зөвлөл “Рио Тинто Монгол” ХХК-ийн дэмжлэгтэй Хүй Долоон худгийн “Монгол Наадам” цогцолборт зохион байгуулж байгаа юм.

Соёлын наадамд монгол түмний нэгдмэл үнэт зүйлсийг агуулсан “Монголын нэг өдөр-соёлын отог” хэмээх 9 асар барьж, энд СУИС-ийн багш, оюутнууд, соёлын өв тээгчид, уран бүтээлчид, Монголын Урлагийн зөвлөлийн ажилтнууд зэрэг 200 гаруй хүн ажиллаж байна.

“Соёлын наадам”-аар Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет бус өвийг сурталчилсан урлагийн тоглолтоос гадна “Язгуур урлаг”, “Монгол цайны соёл”, “Цагаан идээний соёл”, “Айрагны соёл”-той танилцаж, “Казах соёлын гэр”-ээр зочлох боломжтой.

Мөн цаатан түмний урцанд саатан, ардын уламжлалт тоглоом наадгай, нүүр будалт ба хөрөг зураг, уран бичлэг, эсгий урлал, монгол угсаатны хувцас, эд өлгийн зүйлстэй танилцаж, “Аварга монгол” баримлуудтай хөргөө татуулах боломжийг наадамчин олонд бүрдүүлжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу