Вильнюс хотноо болж буй НАТО-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа АНУ-ын албаны хүмүүс Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн твиттер хуудастаа нийтэлсэн мэдэгдэлд ихэд дургүйлхсэнээ илэрхийлсэн талаар “Washington Post” Мягмар гарагт мэдээлэв.

Владимир Зеленский твиттер хуудсаараа дамжуулан “Умард Атлантын гэрээний байгууллага Киевийг нэгдэхийг урих эрт байна” гэж үзэж буйг шүүмжилсэн байна.

Чуулганы эхний өдрийн хуралдаан өндөрлөж, НАТО-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн мэдэгдлийн дагуу дээд хэмжээний уулзалтад оролцогчид Украиныг НАТО-д элсэх үйл ажиллагааны төлөвлөгөөг биелүүлэхийг шаардахгүй байхаар шийджээ. Үүнээс гадна Украинд цэргийн тусламж үзүүлэх олон жилийн хөтөлбөрийг баталсан байна.

НАТО-ын орнууд Киевийг “бүх нөхцөл хангагдсан үед” буюу мөргөлдөөн дууссаны дараа эвсэлд урихаа амалсан. Зеленский уулзалтын үеэр НАТО Киевийг эвсэлд урих цаг хугацааны талаар тодорхой шийдвэр гаргах бодолгүй байгаад сэтгэл дундуур буйгаа илэрхийлжээ. Тэрбээр “түншүүдийн тодорхойгүй байдал”-ыг сул тал гэж нэрлээд, “Украиныг хүндэтгэх ёстой” гэж хэлсэн байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу