Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан газрын тосны зах зээлийн тойм мэдээллээс харахад, 2023 оны зургадугаар сард ОХУ-ын газрын тос, бүтээгдэхүүний экспортоос олсон орлого тавдугаар сарынхаас 1.5 тэрбум ам.доллараар бага буюу 11.2 хувиар буурч, 11.8 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь 2022 оны зургадугаар сарынхтай харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлт аж.

Оросын газрын тосны экспорт өдөрт 7.3 сая торх болтлоо буурсан нь 2021 оны гуравдугаар сараас хойших хамгийн доод түвшин болжээ. Үүний зэрэгцээ ОХУ-ын Засгийн газрын эрчим хүчний куратор, Ерөнхий сайдын орлогч Александр Новак “зах зээлийн тэнцвэрт байдлыг хангах” үүднээс экспортын хэмжээг өдөрт дахин 0.5 сая торхоор бууруулахаа мэдэгдсэн.

Оросын банк, Сангийн яам өмнө нь өөрсдийн хэвлэлүүдэд газрын тос, байгалийн хийн экспортын орлого буурч байгааг тэмдэглэж байсан бол Оросын Төв банк үүнийг рублийн ханш огцом суларсантай холбон тайлбарлажээ. ОХУ-ын Сангийн яамны тооцоолсноор, тус улсын газрын тос, байгалийн хийн орлого 2023 оны эхний хагаст 47 хувиар буурсан байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу