“Монголын эдийн засгийн форум-2023” энэ сарын 9, 10-ны өдүүдэд Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдсан билээ. Дэлхийн санхүү, эдийн засгийн тэргүүлэгч групп, компаниуд, бизнесийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын 600 орчим зочид төлөөлөгч оролцсон энэхүү чуулга уулзалт гадны хөрөнгө оруулагчдад алдагдсан итгэл найдварыг нь сэргээх том боломж болсныг шинжээчид онцолж буй юм. Бид Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржтой уулзаж, дараахь асуултад хариулт авснаа хүргэж байна.

-Монгол Улсын эдийн засгийн чуулган энэ жил их өргөн хүрээнд болж өндөрлөлөө. Юуны өмнө та өмнөх жилүүдэд зохион байгуулагдсан чуулга уулзалтуудаас юугаар ялгарсан уулзалт болсон талаар ярихгүй юу?

-Монгол Улсын эдийн засгийн чуулган амжилттай боллоо. Хамгийн гол нь өмнө нь буюу арав гаруй жилийн хугацаанд зохион байгуулагдаж байсан уулзалтуудаас юугаараа ялгаатай байв гэхээр бид энэ удаад илүү гадагшаа, хөрөнгө оруулагч нар луу чиглэсэн. Гадны 600-гаад зочид төлөөлөгч оролцсон. Энэ дундаа дэлхийн томоохон групп, компаниудын хөрөнгө оруулагч нар, дэлхийн томоохон телевизүүд, хэвлэл мэдээллийн агентлагууд ирж оролцлоо. Тэд манай улсын хууль эрх зүйн орчин хэр сайжирч байна вэ, улс төр нь хэр тогтвортой байна. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин нь хэр тогтворжиж байна вэ, боломжууд хэр их байна вэ гээд нэлээн өргөн хүрээнд оролцлоо.

мнө нь бид асуудлаа дандаа дотооддоо ярьдаг байсан шүү дээ?

-Тийм ээ, бид асуудлаа дотооддоо хэрхэн шийдвэрлэх тал дээр ярьж байсан бол энэ удаад гадагшаагаа, хөрөнгө оруулагч нарыг чиглэж, Монгол Улсын эдийн засгийн чуулганд, Монгол Улсад тавтай морилно уу. Бид засаглалын шинэчлэлийг хийж байна. Хууль эрх зүйн орчныг сайжруулж байна. Бизнесийн орчноо сайжруулж байна. Мөн хөрөнгө оруулах боломжтой бүхий л салбарыг хөрөнгө оруулагч нарт танилцуулж,  ялангуяа хөрөнгө оруулалт, бизнесийнхний төслүүдийн танилцуулгын уулзалтуудыг зохион байгуулж байна. Төслүүдээ танилцуулаад, эргээд яриа, гэрээ хэлэлцээрүүд хийх үр дүн гарах, цаашлаад Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх боломжууд бүрдэнэ. Нөгөө талдаа бид тав, зургаан салбар хуралдаанууд зохион байгууллаа. Дугуй ширээний уулзалтууд, Монголын соёлын танилцуулгууд, дэд бүтцийн томоохон төслүүдийн танилцуулгуудыг хийж, гадныханд хөрөнгө оруулалтын томоохон боломжуудын талаар ярьж танилцууллаа.

-Гадныхан Монгол Улс дан ганц уул уурхайн салбарт түшиглэж, хөгжлийн тухай ярих нь өрөөсгөл болохыг хэлж буй. Бусад салбараа хөгжүүлэх, ногоон эдийн засаг руу шилжих чиглэлд ямар алхмууд хийгдэж байна вэ? 

“Манай улсын эдийн засагт уул уурхайн салбар түлхүү хөдөлгөгч хүчин болсон. Энэ утгаар уул уурхайн салбарыг бодлогоор дэмжих нь чухал. Гэхдээ бид бусад салбарыг хөгжүүлэх дээр эдийн засгийн хөгжлийн бодлогоо чиглүүлж, онцгойлон анхаарч байна. Ер нь хөдөлмөрийн зах зээл, ажиллах хүчний 85-аас дээш хувь нь үйлчилгээний салбар, жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, барилгын гээд бусад салбарууд дээр байдаг. Тэгэхээр бид уул уурхайн салбараас олсон, эдийн засагт гол нөлөөлж байгаа үр ашгаа хөгжүүлэх, яаж тэтгэх вэ, яаж хөгжүүлэх вэ, экспортоо яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр түлхүү анхаарч байна. Мөн сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр гадны хөрөнгө оруулагч нарт танилцуулж, дараачийн 10, 20 жилийн хугацаанд Монгол Улс ногоон эдийн засгийн хөгжил рүү яаж шилжих вэ гэсэн зорилгоо танилцуулж, эдийн засгийн чуулганд оролцсон нь чухал ач холбогдолтой байлаа.

-Өмнө нь итгээд ирсэн хөрөнгө оруулагчдаа гонсойлгоод, дайжуулчихсан гашуун туршлага бидэнд бий. Өдгөө гадны хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл, найдвар хэр сэргэж байна вэ?

-Ер нь бизнес болон гадны хөрөнгө оруулалт дээр хамгийн чухал асуудал бол итгэлцэл. Итгэлцэл дээр тулгуурлаж, бизнест хөрөнгө оруулдаг. Энгийн иргэн, хүмүүс хоорондын харилцаа итгэлцэл дээр тогтдог. Тэр утгаараа итгэлцэл хамгийн чухал байна. Бидэнд өмнө нь алдсан, оносон сургамжууд бий. 2008-2012 оны хооронд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, гадны хөрөнгө оруулалтын бүүм болж байсан. Энэ цаг үед гадны хөрөнгө оруулагчид Монол Улсад итгэж байсан. Эргээд хууль эрх зүйн орчин, дүрэм журам чангарсан, бизнесийн орчныг султгасан, хаасан, хориглосон, боосон зүйл заалтуудыг хийсээр ирсэн. Үүнийгээ дагаад хөрөнгө оруулалт, итгэл буурсаар ирсэн. Энэ удаа бид хоёр дахь боломж ирлээ гэж бодож байна. Хоёр дахь хөрөнгө оруулалтын, эдиййн засгийн өсөлтийн том боломж. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын итгэлийг буцаан сэргээж олж авах хамгийн чухал.

Нэг итгэл алдвал тийм амар буцаж сэргэхгүй. Хөрөнгө оруулагчдын итгэл одоо тодорхой хэмжээнд сэргэж байна.

Юу гэхээр улс төр, эдийн засгийн тогтвортой нөхцөл байдал, макро эдийн засгийн тогтвортой байдал, эдийн засгийн оновчтой бодлогууд явуулж байна. Энэ үүднээс хөрөнгө оруулагчдын итгэл жаахан сэргэж байна гэж дүгнэж байна. Тэгэхээр одооны ирж буй гадны хөрөнгө оруулагчдад засаглалын шинэчлэлийг танилцуулж, төрийн байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагч нарын бизнесийн эрх ашгийг хамгаалдаг, тэдний төлөө ажилладаг байх хууль эрх зүйн орчноо сайжруулж, Гадаадын хөрөнгө  оруулалтын банкны тухай хуулиа баталлаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиа баталлаа. Уул уурхайн биржийн тухай хуулийг баталлаа.

Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн зургадугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд тусгасан хамгийн гол зохицуулалтуудаас дурдахгүй юу? 

-Одоо Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан УИХ-д өргөн бариад, хэлэлцээд явж байна. Бүх бизнес, хөрөнгө оруулалтын орчныг хязгаарласан зүйл заалтуудыг хасч, бизнест ээлтэй орчныг бүрдүүлж байна гэдгийг хөрөнгө оруулагч нарт танилцуулж, энэ сигналыг өгч ажиллаж байна.

Мөн хөрөнгө оруулалттай холбоотой Газрын тухай хуульд тусгасан асуудлыг эргэн харж, хууль эрх зүйн таатай нөхцөл бүхий орчныг бий болгон шийдвэрлэх, хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг шийдвэрлэх эрх зүйн баталгаа болон хамгаалалт бүхий зохицуулалтыг хийж өгөх зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

  1. Хөрөнгө оруулах салбар нь уул уурхайн салбар л байна.
    Сайн уу? муу юу?
    Бүгд л маш хэрэгтэй эдийн засгаа сэргээж улсаа хөгжүүлэх гэж хийж байгаа гэнэ.
    Энэ бүгд хэзээ ашгаа өгч хэзээ улс маань хөгжих бэ?
    Та бүхэнд тооцоо төлөвлөгөө байна уу?

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу