АНУ Вильнюст болсон НАТО-ын дээд хэмжээний уулзалтын үр дүнд Украиныг Умард Атлантын эвсэлд элсүүлэх асуудлыг хэдийнэ шийдсэн гэж үзэж байгаа аж. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан Ням гарагт ABC телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрбээр “Украин НАТО-д элсэхийг хүсч буй бусад орны нэгэн адил Умард Атлантын эвслийн жишигт нийцүүлэхийн тулд ардчилсан шинэчлэл хийх шаардлагатай. Киев ч олон шинэчлэл хийх ёстой” гэж тэмдэглэсэн байна.

Дашрамд дурдахад, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Даваа гараг (2023.07.17)-т Украины асуудлаар хуралдах бөгөөд түүнд хэд хэдэн орны Гадаад хэргийн сайд нар оролцох юм байна. Энэ тухай ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Дмитрий Полянский өнгөрсөн Ням гарагт мэдэгдэв.

Тэрбээр Telegram сувагтаа “Долдугаар сарын 17-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус зөвлөлийн Их Британийн даргын хүсэлтээр Украины хямралын асуудлаар ээлжит хэлэлцүүлгээ зохион байгуулна” гэжээ.

Полянский мөн “Барууны орнууд уулзалтыг “Оросын эсрэг хамгийн чанга шоу” болгохыг чармайна. Бидэнд ч бас хэлэх зүйл бий” гэж нэмсэн байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу