Өмнөд Солонгосын төв хэсэгт орших Чонжү хотын үерт автсан хонгилд боогдсон зорчигчдыг аврах ажиллагаанд оролцож буй аврагчид 13 хүний ​​цогцос гарган авчээ. Өнгөрсөн Бямба гарагийн шөнө орсон хүчтэй аадар борооны улмаас голын ус эргээсээ хальж, газар доорхи гарц руу цутгаж, машин болон автобусаар зорчиж явсан хүмүүс маш богино хугацаанд үерийн усанд боогдсон байна.

ВВС агентлагийн мэдээлснээр, албаныхан 685 метрийн хонгилд хэчнээн хүн гацсан байдалтай байгааг хараахан тодруулаагүй ч тэнд 15 машин байгаа талаар мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт орсон аадар борооны улмаас өнөөдрийн байдлаар нийт 39 хүн нас барсан байна.

Хүчтэй аадар борооны улмаас үер болж, хөрсний гулгалт үүсч, цахилгаан тасарчээ. Даваа гарагийн өглөөний байдлаар амралтын өдрүүдэд болсон үерийн улмаас дор хаяж есөн хүн сураггүй алга болсон гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдэв.

“Yonhap” агентлагийн мэдээлснээр, тус улсад хүчтэй аадар борооны улмаас нас барсан болон сураггүй алга болсон хүний тоо 49-д хүрчээ. Хамгийн их хохирол амссан бүс нутаг нь уулсын дунд оршдог Умард Гёнсан муж аж.

Далангийн ойролцоох олон тосгон үерт автаж, тосгоныг холбосон зам, гүүр хаагдаж, зарим оршин суугч гэрээсээ ч гарч чадахгүйд хүрсэн байна.

Умард Чунчон мужийн Госан усан сангийн далан сэтэрснээс Бямба гарагийн өглөө 6400 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Тус мужид Баасан гарагийн орой хөрсний гулгалтын улмаас галт тэрэг замаасаа гарсан тул Өмнөд Солонгосын үндэсний төмөр замын оператор “Korail” компани галт тэрэгний ихэнх хөдөлгөөнийг зогсоожээ.

БНСУ-ын Цаг уурын хүрээлэнгээс аадар бороо ирэх долоо хоногийн Лхагва гараг хүртэл үргэлжлэн орох төлөвтэй байгааг анхааруулсан бөгөөд долоодугаар сарын 13-наас хойш зарим бүс нутагт 400 гаруй мм хур тунадас оржээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу