Австралийн Сидней хотын оршин суугч, өдгөө 51 настай, далайчин Тим Шаддок нохой Беллагийн хамт Номхон далайд түүхий загас идэж, борооны ус уун, хоёр сар амьдарч, эсэн мэнд аврагджээ. Эмч нарын мэдээлснээр, түүний биеийн байдал тогтвортой, сайн байгаа аж.

Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард нохойнхоо хамт Мексикээс Францын Полинезийг зорин аялалд гарсан бөгөөд хэдэн долоо хоногийн дараа завь нь шуурганд цохигдож, эвдэрсэн байна. Тэднийг энэ долоо хоногт олж илрүүлсний дараа нисдэг тэргээр аварчээ.

Далайчин эр Мексикийн Ла Пас хотоос гарч, 6000 гаруй км зам туулсны дараа цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас завиных нь цахилгаан тасарч, улмаар гацсан байна.

Хоёр сарын дараа тэднийг Мексикийн эргээс олоход далайчин эр нэлээн турж эцэн, сахал нь хэт ургасан байжээ.

Тэрбээр “Australia’s 9News-т өгсөн ярилцлагадаа “Би далайд маш хүнд сорилт туулсан. Далайд удаан хугацаагаар ганцаараа байсан тул одоо надад сайн амралт, сайхан хоол л хэрэгтэй байна. Миний биеийн байдал маш сайн байна. Загас агнуурын хэрэгсэл амьд үлдэхэд тусалсан” гэж ярьсан байна.

Тим Шаддок Мексик рүү буцаж буй бөгөөд тэндээ эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт эмчилгээ хийлгэх ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу