ОХУ-ын Терроризмын эсрэг үндэсний хороо (NAC)-ноос Даваа гарагт нисгэгчгүй хоёр онгоц Крымын гүүрэн дээр террорист халдлага үйлдсэн талаар мэдээлэв. Иймд тус улсын Мөрдөн байцаах хороо “террорист халдлага” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн байна.

Халдлагын улмаас гүүрний замын хэсэг эвдэрч, хоёр том хүн нас барж, нэг хүүхэд гэмтсэн бөгөөд ослын газарт Яаралтай тусламжийн алба ажиллаж, хууль сахиулах байгууллагууд шуурхай, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.

ОХУ-ын Тээврийн яамнаас мэдээлснээр, халдлагад өртсөн бага насны охины биеийн байдал дунд зэрэг байгаа бөгөөд эмч нар түүнд “тархины битүү гэмтэлтэй” гэсэн онош тавьж, Краснодарын хязгаар руу хүргэхээр бэлтгэж байгаа аж.

Энэ үйл явдалтай холбогдуулан ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Киев дэх террорист хадлагыг АНУ, Их Британи удирдаж байгааг сануулжээ.

Төрийн Думын Олон улсын харилцааны хорооны дарга, Оросын либерал ардчилсан намын удирдагч Леонид Слуцкий энэхүү халдлагад “барууныхан буруутай” гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Бүгд Найрамдах Крымын Төрийн зөвлөлийн дарга Владимир Константинов Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Крымын гүүрэн дээр болсон террорист халдлагын “гол гүйцэтгэгч, гол санаачлагч” гэж нэрлэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр хоногийн өмнө Хар тэнгисийн асуудлаарх Оросын шаардлагыг биелүүлээгүй ч үр тарианы гэрээг сунгахыг зөвшөөрсөн. Гэвч дээрх халдлагатай холбогдуулан ОХУ үр тарианы гэрээг сунгахгүйгээ албан ёсоор мэдэгдсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчидтэй уулзахдаа Хар тэнгисийн хэлэлцээрүүд хүчингүй болсон талаар мэдээлжээ.

Зарим хэвлэлд албаныхан Крымын гүүрэн дээр болсон халдлагад Украиныг сэжиглэж буй талаар мэдээлсэн бол заримд нь барууны орнуудын тагнуулын байгууллагуудыг буруутгаж буй мэдээллүүд гарч байна.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

  1. Зүгээр л том хэмжээний дэлбэрэлт хийгээл гүүрийг нь бүр ашиглах аргагүй л устгачихаач. Улсад нь түрэмгийлэн халдаж дайн хийж байж юун терроризм гэж гонгиноод байгаа тэнэг иванууд вээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу