АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс, Филиппинээс “Шувуу” ажиллагааны хүрээнд шилжүүлэн авсан Т.Бадамжунайд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусч, шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн Прокурорын газар (НПГ)-т хүргүүлжээ.

Нийслэлийн прокурорын газар түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлсэн байна.

Анх Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн 22.1-1 хэсгийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, 22.5-1-ийн хахууль өгсөн, 18.6-1-т заасан мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан билээ.

Энэ оны дөрөвдүгээр сард түүнийг Филиппинийн хуулийн байгууллагынхантай хамтран ажилласны дүнд эх оронд нь шилжүүлэн авчирч, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.

Түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 5-нд дуусч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг цагдан хорих хугацааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан дахин нэг сараар сунгаж шийдвэрлэсэн билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу