“Рио Тинто” компанийн Төлөөлөн Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголд долдугаар сарын 8-наас 14-ний өдрүүдэд зочилж, “Монголын эдийн засгийн форум-2023”-д оролцсон билээ.

Тодруулбал, “Рио Тинто” группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Доминик Бартон, гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Оксфордын Их сургуулийн Дэлхийн эдийн засаглалын хөтөлбөрийг үндэслэгч, “Рио Тинто” группийн ТУЗ-ийн гишүүн, хатагтай Нгейр Вүдс, Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчид “Монголын эдийн засгийн чуулган 2023”-д оролцож, нэгдсэн хуралдаанд үг хэлж, салбар хуралдаануудад панелистаар байр сууриа илэрхийлсэн. Мөн төр, засгийн тэргүүн, дотоодын бизнес, банк санхүүгийн салбарынхантай уулзсан билээ.

Тус компани Монгол Улсад “JP Morgan”, “Goldman Sachs”, “Morgan Stanley”, “CITI”, “Barclays”, “HSBC” зэрэг дэлхийн топ 45 банк, санхүүгийн байгууллагын нийт 100 гаруй төлөөлөгчийг Монгол Улсад урьж авчирч, эдийн засгийн форумд оролцуулсан юм.

“ХҮН Л УЛС ОРОН, КОМПАНИУДЫН ДАРААГИЙН ШАТАНД ХҮРЭХ ХАМГИЙН ХҮЧИРХЭГ ХУРДАСГУУР БОЛЖ БАЙНА”

“Рио Тинто”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Доминик Бартон “Монголын эдийн засгийн чуулган 2023”-д оролцож, итгэл тавихдаа “Монгол орны ирээдүй үнэхээр гэрэлтэй байна” гэж хэлсэн юм. Түүний илтгэлээс “Оюу Толгой” төсөлтэй холбоотой хэсгийг онцолж байна.

ДОМИНИК БАРТОН: -Монгол бол эрч хүч оргилсон, нээлттэй, дэлхийн түвшинд сэтгэдэг улс. Улам бүр туйлширч буй дэлхий ертөнцөд гадаад болон эдийн засгийн ухаалаг бодлого явуулж буй хамгийн нэр хүндтэй улсын нэг билээ.

Монгол Улс дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаатай, олон улсын тулгамдсан асуудалд үргэлж жин өгсөж зодоглодог. Энхийг сахиулах үйл ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, дэлхийн түвшний асуудалд дэлхийн түвшний шийдэл гаргадгаараа энэхүү байр суурийг монголчууд өөрсдөө олж авсан.

Эрчим хүчний шилжилтээс улбаатай өөрчлөлт, дэлхийн эдийн засгийн төв Азид шилжиж байгаа, технологийн эрчимтэй дэвшил нь Монголын хөгжилд түлхэц болж буй юм.

Монгол орны зэс, байгалийн бусад баялгийг орчин үеийн дэвшилтэт технологитой зөв хослуулж чадвал эрчим хүчний шилжилт, хурдацтай явагдаж буй технологийн өөрчлөлтөөс үр шим хүртэх боломж монголчуудын өмнө байна.

2030 он гэхэд “Оюу Толгой” дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох төлөвтэй байна. Гэхдээ боломжийг ашиглахын тулд юу хийх ёстой вэ?

2010 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд “Оюу Толгой” төсөлд зориулж 15.4 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулаад байна. Бид уурхайг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах мөч ойртсоор байгаа энэ үед ч хөрөнгө оруулсаар байна.

2022 оны 12 дугаар сард “Рио Тинто”-гийн ТУЗ “Туркойс Хилл Ресурс”-ыг худалдаж авах зөвшөөрөл өгч, Монгол Улс дахь хөрөнгө оруулалтаа улам бэхжүүлсэн. Энэ оны эхээр “Оюу Толгой”-н гүний уурхайн олборлолтыг эхлүүлсэн билээ.

Олон улсын зах зээл дээр капитал өдөр ирэх тусам үнэтэй болж, томоохон корпорацуудын нэгдэл, чухал ашигт малтмал, тэр дундаа зэс шиг түүхий эдийн үнийг улам хөөрөгдөж, өрсөлдөөн ширүүсэж буй үед бид “Туркойс Хилл Ресурс”-ыг худалдан авсан гэдгийг би энд тэмдэглэхийг хүсэж байна.

Бид хөрөнгөө өөр газар чиглүүлж зарцуулж болох байсан авч Монгол Улсын ирээдүй, боломжид бүрэн итгэж байсны илэрхийлэл болгож ийм шийдвэр гаргасан юм.

Өдгөө 20 гаруй мянган залуу “Оюу Толгой” төслийг цогцлоож байна. Тэдгээрийн 97 хувь нь монголчууд, түүгээр барахгүй удирдлагын багийн 90 хувь нь мөн л монголчууд байна. Үүний дүнд Монгол Улс блокчлон олборлох аргаар дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг хэдийнэ болжээ.

Хөрөнгө оруулна гэдэг зөвхөн хөрөнгө зараад, хүн ажилд авах тухай асуудал биш. Энэ бол ханган нийлүүлэлтийн сүлжээнд зөв хамтрагчаа сонгож, хол замыг хамтдаа амжилттай туулах аргачлал. Өөрөөр хэлбэл, ажиллах хүчин, гэрээт ажилтнуудаа өөртөө татаж, тэднийг сургаж, авьяас чадварыг нь улам сайжруулах тухай асуудал юм.

Цаашлаад хариуцлагатай корпорацын хувьд нийгэмдээ идэвхтэй үүрэг гүйцэтгэх тухай зүйл. Бүр цаашилбал урагшлах замдаа бусдыгаа чин сэтгэлээсээ сонсож, тэдний санаа бодол, зөвлөмжийг нь үйл ажиллагаандаа тусгах тухай асуудал гэж ойлгож болно.

Өнөөг хүртэл “Оюу Толгой” 5.1 тэрбум ам.долларыг үндэсний худалдан авалтад зарцуулж Монголын компаниудыг дэмжсэн. Үүнээс 1.2 тэрбум нь Өмнийн говийн бүсэд зарцуулагдсан байна.

2023 оны эхний улирлын байдлаар “Оюу Толгой” 609 ханган нийлүүлэгчтэй ажилласнаас 412 нь Монголын компаниуд.

2011 оноос хойш “Оюу Толгой”-н боловсролын хөтөлбөрүүдэд 3800 гаруй оюутан, сурагч хамрагдсанаас гадна ШУТИС-тай байгуулсан манай түншлэлийн хүрээнд Монголын анхны геотехникийн чулуулгийн лабораторийг байгуулсан юм. Энэхүү лаборатори нь Монгол Улсын дээд боловсролын салбарт хувийн компаниас оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт болсон.

Ийм зүйл ярихаар бид хүн ярихаас өөр аргагүй болно. Монголыг бодохоор хамгийн түрүүнд толгойд минь орж ирдэг зүйл гэж хэлж болно. Үнэхээр ч өнөөдөр хүн л улс орон, компаниудын дараагийн шатанд хүрэх хамгийн хүчирхэг хурдасгуур болж өгч байна.

Монголын ирээдүйд бид бүрэн дүүрэн итгэж байгаагийн хамгийн том шалтгаан бол Монголын ард түмэн. “Оюу Толгой”-д ажиллаж байсан “Рио Тинто”-гийн хамгийн туршлагатай олон уурхайчинтай би уулзаж ярилцаж үзсэн. Тэд нэг л зүйл надад хэлдэг. Монгол ажиллах хүчин, удирдлагын түвшинд ажиллаж байгаа монгол залуучууд үнэхээрийн авьяастай гэж хэлдэг.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд “Оюу Толгой” дахь ажилчдын идэвх оролцоо манай группийн түвшинд аваад үзэхэд тогтмол хамгийн өндөр байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл “Рио Тинто” даяар аваад үзэхэд дунджаас 20 гаруй хувь илүү байна.

Ийм чадварлаг, идэвхтэй хамт олон байгаа учраас “Рио Тинто”-гийн ажиллуулдаг уурхайнуудаас “Оюу Толгой” хамгийн аюулгүй нь болсон юм. Группийн дундаж үзүүлэлттэй “Оюу Толгой”-г харьцуулахад гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт бараг хагас орчмоор бага байна.

Зөвхөн аюулгүйгээр барахгүй өнгөрсөн арван жилийн хугацаанд хамгийн өндөр бүтээмжтэй ил уурхайг “Оюу Толгой” ажиллуулж чадсан гэдгийг энд бас тэмдэглэхийг хүсэж байна.

“Оюу Толгой”-д ажиллаж байгаа өндөр авьяас чадвартай баг цаашлаад “Рио Тинто”-гийн бусад уурхайд ажиллаж байгаа монголчуудаас бид суралцаж байна.

Манай группийн гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн болох Та бүхний сайн мэдэх Б.Болд өдгөө манай Зэсийн группийн дэлхий даяарх үйл ажиллагаа, цаашлаад ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх томоохон төслүүдийг хариуцаж ажиллаж байна.

Австралиас, Мадагаскар, цаашлаад АНУ гэх мэт дэлхийн өнцөг булан бүрд байгаа манай үйл ажиллагаанд монголчууд гүйцэтгэх удирдлагын түвшинд амжилттай ажиллаж байна.

Улаанбаатарт байгаа 200 гаруй авьяаслаг монгол залуус инновацыг урлаж, ирээдүйд “Рио Тинто”-гийн дэлхийг хэрсэн үйл ажиллагааг хэрхэн илүү өгөөжтэй, бүтээмжтэй болгохын төлөө шандсаа сорин ажиллаж байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу