Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” утга зохиолын дугуйлангийн гишүүн Ж.Эдмоны анхны шүлгийн түүвэр “717” номын нээлт их хотын нэгэн бороотой үдэш (2023.07.17) болж өнгөрлөө. Залуу шүлэгчид эртнээс энэ мэтчилэн уулзан цуглаж, яруу найргийн уншлага хийхийг хүсэж явцгаасан болов уу гэмээр буйдхан уушийн газар хөл гишгэх зайгүй байсан юм. Энэхүү үйл ажиллагааг мөн цаашид “Манант хотын өдрүүд” гэх яруу найргийн уншлага болгон тогтмол хийхээр төлөвлөжээ.

Залуу нас дугуйлан хачин этгээд өнгө төрх, ээрсэн олон дуу хоолой хадаасан цоо шинэ өнгө аястай гэдэгтэй маргах нь утга зохиолын хүрээнд ховор. 10-аад жилийн түүхтэй эл дугуйлан хүүхдийн номын сангийн танхимд хол ойрын мөртүүд хэлцэх залуусын хамгийн дотно газар байсан юм. Тэд дугуйлангаа тараад их сургуулийн гудамнаа Ц.Доржсэмбэ найрагчийн шүлгийг цастай, бороотой нь шингээн “хоорлодог” байлаа.

Чамтай л харсан цас
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан
Түүнээс хойш
Тийм цас ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дурдатгалын минь тойрон
Одоо ч цас орсоор л байна.
Чамтай л харсан бороо
Жинхэнэ бороо байсан
Жигүүртэй бороо байсан
Түүнээс хойш
Тийм бороо ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дурдатгалыг минь тойрон
Одоо ч бороо орсоор л байна.
Ийн дуу нэгтэйгээр уншихуйд залуу насны гэгэлзсэн мэдрэмж улам тодрох бөгөөд хотын жаварт хулдуулан алхах ч таатай санагдахыг яана.
“717” номын зохиолч Ж.Эдмон номынхоо нэрийг өөрийнхөө төрсөн өдрөөр нэрлэжээ. Цугларсан залуус “долоон зуун жил амьдрах ном” хэмээн алга ташиж, ерөөл өргөв. Ном доторх шүлгүүд нээрэн л залуусын дотор олон зуун жил амьдрах болов уу.
Зочин яруу найрагчид ч шүлгээ уншиж эхэллээ. Эдгээр унших шүлгүүдээс залуу насны эрх чөлөөт салхи үнэртэнэ. Бас сонсогдоно. 
ЗОЧИН ЯРУУ НАЙРАГЧ – ТӨ.БЯМБАСҮРЭН
Хангалттай хичээсэнгүй гэв үү
Хангалттай хайрласангүй гэв үү
Хангалттай тэвчсэнгүй гэв үү
Шулуухан уйлчихсан бол,
цурхиран уйлчихсан бол
Шуудхан эвлэрчихсэн бол,
буугаад өгчихсөн бол
Шуугаараа дүүрэн
хэрчлээстэй амьтан болно гэж үү
Амьдралдаа урам хугарсан эрэгтэй
алхаж байна
Амьдралд нь урам байгаагүй эмэгтэй
алхаж байна
Чадсангүй юу гэнэ үү,
тэвчсэнгүй юу гэнэ үү
Чамаас ийм зүйл хүлээгээгүй гэнэ үү
Гэдэс нь, тархи нь, давсаг нь, судас нь хүртэл
ийм үгсээр дүүрсэн тэднийг
Гэрэлтүүлж сар л үлдсэн байна
Тэглээ гээд үхэж болох уу
Тэглээ гээд зүсэж болох уу
Дахиад жаахан гэх үг
хэр хугацааг заадаг юм бэ?
Өдийг хүртэл гэдэг үг гэтэл
хичнээн урт замыг хэлдэг билээ?

Ажил мэргэжил, ахуйн амьдрал, аар саар асуудал уушийн газрын үүдэнд нойтон шүхэртэй цуг үлджээ. Залуусын инээд хөөрөлдөөн тасрахгүй ба бүдэг шар гэрэлд ном шагайн тонгойх нь энгийн дулаахан харагдана. Номын зохиолч даруухан загнаж, гавьтай шуугиан тарьсангүй.

Чухам залуусын удаан уулзаагүй шүлгүүд бие биеэ тэмтчин шалгаах нь мэдрэгдэнэ. Шар айргийн лонх хураах зөөгчийн чихнээ элдэв сонин мөрт орж ирэхүйд хаа нэг зогтусан тайз руу ширтэнэ. Хаашдаа л энд хэлэгдэх шүлгүүд этгээд сонин байх, эвдэрч хугарсан байх нь хамгийн энгийн, бас амттай зүйл юм.

ЗОЧИН ЯРУУ НАЙРАГЧ – Г.БАРСБОЛД  “717” НОМЫН РЕДАКТОР
1.
Зовлон дутаж, үр заяажээ
Ээж ээ!
2.
Үхтэлээ айдаг уу? Ядуу амьдрахаас
-Үгүй гэвэл чинь би
Үзгээ бариад л ертөнцийн төв болно.
Дэргэдэх хүнтэйгээ ярилцах нь хүртэл төсөөлөл байж
Дуугүй суухад минь
Дургүйг чинь мэднэ.
Бүгдийг хүлцэх өөр арга олвол
Би муухан инээмсэглэлээ ч орхиод
Ертөнцийн төв болно…
3.
Яруу найрагч аа! Азгүй амьтан минь.
Амьдарч эхэлснээс хойш
Амрах эрхгүй хоёр гар чинь
Хэдийд нь шүлэг бичих вэ?
“Хувирч элэгдсэн ахуй бүхэн мөн чанараа алдаж буй эцсийн мөч нь яруу найраг байж магад…”
Болно!
Хаяагаар минь сэлгүүцэж өнгөрөх танилууд
Хаягийг маань санаж намайг мартжээ…
Тэд хотоо уйтгартай гэлцэнэ. Бас амьдралаа эвдэрсэн, эвлэрсэн, эрж хайсан гэцгээнэ. Гэлээ ч яруу найраг тэдний хувьд номд заасан хичээл биш, хоолонд зориулсан жор биш ажээ. Хотын их үйл явдлаас дайжин үргээд, янжуурын утаанд яриа нийлэн суух залуусын нүдэнд яаж харагдсан амьдрал болохоороо ийм олон шүлэг энэ үдэш чихнээс, дотроос салж өгөхгүй байна вэ? гэж бодогдоно.
ЗОЧИН ЯРУУ НАЙРАГЧ – Л.САЙНБАЯР
Барьсан талхандаа бардаж үзээгүй Буриад аа
Барласан шүлгээр минь гал өрдөөрэй
Буган сарын тань жаварт цантсан
Булган малгайныхаа сор шиг ядарлаа
Бохирсон өвдгөндөө өргөстэй боссон буриадаа
Болгосон талхны тань давс ихэджээ
Уужныхаа энгэрт нулимстай яваа буриадаа
Уулгасан нэрмэл тань галтай юмаа
Урд уулын хөрөөн чимээ л
Урьдын чиний зовлон шиг сонсогдоод
Уумаар уумаар аа
Хөлчүүхэн хэлсэн үгээр минь
Галаа чи сийлээрэй
Энгэрийн тань нулимснаас түрүүлж хатсан
Энэ малгайны минь чийг ч яамай…
ЗОЧИН ЯРУУ НАЙРАГЧ – Б.САНЧИР
May be an image of 1 person and text
Би хотын гудамжаар нэг шалбааг тарьж
Асгартал уйлаад
Чи нулимсыг минь арчаад хацрыг минь илнэ гэж мөрөөддөг
Чиний гар даарч би гарыг чинь атгаад
Гаран дээр чинь амьсгалж бүлээцүүлнэ гэж мөрөөддөг
Чи толгойг минь илж
Би өвөр дээр чинь толгойгоо тавиад
Нүд рүү чинь эгцэлж харна гэж мөрөөддөг
Энэ хотын бороотой өдрүүдэд чиний шүхэр дор зогсоод
Хүзүүнд чинь шигдэж эрхэлнэ гэж бас мөрөөддөг
Эндээс түүж барьсан чулуун гэртээ
Чамайг эхнэрээ болгож суулгаад
Айл гэрдэж тоглоно гэж мөрөөддөг
Дараа насандаа хурмастын хүүхдүүд болж төрөөд
Эндэхийн хүмүүсийг өрөвдөж
Цугтаа гуинглана ч гэж мөрөөддөг
Багшийн дээдийн автобусны буудлаас
Хоёр биенээ огтхон ч ширтэлгүйгээр
Чигчий хуруунаас чинь хөтлөөд
Гэрт чинь хүргэж өгнө гэж мөрөөддөг
Би асгартал уйлаад
Чи нулимсыг минь арчиж өгөөд…
Би зүгээр л мөрөөддөг
ЗОЧИН ЯРУУ НАЙРАГЧ – Н.БУЯНБАТ
“Усан борооноор хэнийг ч бодох сөхөөгүй
Угаасаа бид бүгдээрээ живж байна
Улаан гол хот дундуур минь урсаж үерлээд
Уй гашуутайгаар бид жинхэнээсээ бороонд ялагдаж сурч байна
Явах газар, гишгэх ч хөрс олдохгүй их усан цэлэлзээд
Явган хүний зам, автобусны зогсоол, дусаал гоожсон дээвэр дор
Нарыг мөрөөдөн зогсоцгооход харанхуй яасан ойр, маргааш яасан хол
Намаг балчигт шигдсэн хөлнүүдэд аврал гэж үгүй, аянга л гэж бий
Хархны амьдралтай бидний хотод харанхуй л хаанчилна
Хаант засаг дахин ноёлж гэрлийг биднээс хулгайлна
Муур багш нэг нэгээр нь зооглосоор гэдэс нь язарч хагараад
Муу ус, ялгадсаар дүүрэн үертээ муухай орилсоор хаашаа ч юм хөвж одно”
Энэ зэрэг уншлага дуусаад, хотын бороотой замаар салж одоцгоов. Шувуу шиг мэдрэгдэж буй болов уу тэдэнд. Гүйж харайн хөөрцөглөх биш, дотроо гүнээс гүн зүйл уячхаад, хар модны мөчир дээр нүдээ анивчин суухтай адил…
Яруу найрагчийн нүдэнд юмс яаж харагддаг, дотор нь яаж зурагддаг тухай тэд хэн хүнд хэлээд явахгүй. Харин өөртөө авч явдаг цаасны булан дээр биччихээд, халаасандаа хийчихэж мэднэ. Эсвэл хаа нэг янжуурын утаа үлээгээд, найз нөхөддөө хэлж зогсоно.
Тэд өөрсдөө мэдэрч, чагнаж, суралцдаг үеийнхэн. Их хотын яруу найргийн цоо шинэ үеийнхэн. 
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу