Засгийн газар 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, тогтоолоороо албажуулсан байдаг. Энэ хүрээнд жилд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавин ажиллаж байгаа ч өнөөдрийн байдлаар 300 мянган жуулчин Монгол Улсын хилээр нэвтэрсэн гэх статистик мэдээлэл байна. Засгийн газрын “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хэтийн зорилт тавьсан ч оны эцэст 600 мянга орчим жуулчин Монголд ирэхээр харагдана. 

Засгийн газар ард түмнийхээ бүсийг чангалж, аж ахуйн нэгжүүдийнхээ татварыг нэмж, Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж байгаа гэх боловч аялал жуулчлалын салбарын төсвийг нэмсэн үү гэхээс танаагүй. Том зорилгодоо хүрэхийн тулд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд санхүүгийн эрх чөлөө олгосон. “Welcome to Mongolia” гэсэн хоосон лоозогнолоос өөр юм гарсангүй. Харин цаана нь төсвийн мөнгөний тоолуур зогсоо зайгүй эргэсээр байгаа юм. 

Энэ салбар бодлогогүй байна. Жуулчид хэрхэн татахаа мэдэхгүй хэдэн постероос цааш давж сэтгэхгүй байгааг харцгааж байгаа биз. Дөнгөж хилийн дээс алхахад өмнөд монголчууд жилдээ хэдэн аялагч, жуулчин хүлээн авч байна вэ. Тэднийг юугаар эх орондоо татаж болдог вэ гэдгийг хар.

Бодлого байхгүй тул төсвийн үрэлгэн зардал улам нэмэгдэж, салбарын сайд нь өөрийн цахим хуудсаараа хүн загнасан хэдэн пост оруулснаар аялал жуулчлалын салбар хөгжихгүй. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдгийг нам, төрөөр олон жил явсан хүмүүс мэднэ дээ, мэднэ. Тийм ч болохоор “улны” иргэдийнхээ амьдралаас илүүчилж шимэгчилсэн татварын мөнгийг дур зоргоор үрж явахдаа дарга нар огт улайдаггүй юм. 

Б.Бат-Эрдэнэ сайд гэж сошиалаар хүн загнасан хүн боллоо. Тэрбээр “Нуурын эрэгт жорлон байгаагүй гээд бааж, шээх ёстой юу” гэсэн байх юм. Дотоодын гэлтгүй гадны аялагчид хүртэл жорлон байхгүй нуурын эрэгт очоод бие хөнгөрч чадахгүй хавчиганасаар байгаад сум, аймгийн төв бараадах бололтой. Ийм аялал жуулчлал гэж юу байсан юм бэ?

Аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх гэж байгаа бол гадны төсөл, хөтөлбөрүүдээс орж ирдэг мөнгөөрөө хүмүүсийн их очдог нуур усны эрэгт боловсон 00, хийсэж сагаад байхааргүй хогийн цэгтэй болчих л доо. Төсөв захиран зарцуулах эрх өөрийнх нь гарт байхад.

Энэ бүгдээ шийд. Бодлого, шийдэлгүй усан үгтэй, шударга царайлсан хонгио шиг үгс чинь энэ салбарт ямар ч хөгжил авч ирэхгүй. Монголд зочлох жил гэж зарласан юм бол зочдоо ядаж боловсон 00-д суулгачихдаг баймаар байна. Ирсэн зочдоо дагуулж яваад үзэж харуулдаг зүйлсээ нээлттэй гаргаад өг.

Тэд амь дүйсэн аялалд явах гэж ирээгүй тул авто замын эвдрэл гэмтлийг засуулж аялагчдаа ядаж тав тухтай аялуулахад анхаарч үз. 

Засгийн газрын гишүүн, салбар толгойлж яваа хүн сошиал дагаж “сагаж” байхаар өмнөх ажлаа л хиймээр юм. Ухаантай үг бичсэнээр сайн сайд болохгүй шүү, Б.Бат-Эрдэнэ сайд аа. 

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу