Дэлхийн хамгийн том, хамгийн олон хүн амтай Ази тив уур амьсгалын өөрчлөлтөд илүүтэй өртөж, их хэмжээний хохирол амсаж байна.

Энэ сард орсон аадар борооны улмаас Япон, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэгийн зарим хэсэг усанд автаж, олон сая хүний ​​амь нас эрсдэж, үер бууж, хөрсний гулгалт үүсч, цахилгаан тасрав.

Хэт халуунаас үүдэлтэй өвчлөл ялангуяа өндөр настан, эмзэг бүлгийн хүмүүсийн дунд нэмэгдсээр байна.

Өнгөрсөн Бямба гарагт Өмнөд Солонгосын төв хэсэгт орших Чонжү хотын гол эргээсээ хальж, газар доорхи гарц үерт автаж, нийтийн тээврийн хэрэгсэл усанд боогдож, үүний улмаас дор хаяж 13 хүн нас барав.

Өмнөд Солонгост сүүлийн өдрүүдэд 41 хүн амиа алдаж, олон мянган хүн орон гэргүй болсны улмаас нүүлгэн шилжүүлж, түр хоргодох газар бараадахаас өөр аргагүйд хүргэсэн билээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук цаг агаарын эрс тэс уур амьсгалын улмаас олон хүн амиа алдаж буй тул иргэддээ хянуур болгоомжтой байж, хандлагаа өөрчлөхийг уриалав.

Юн өнгөрсөн Даваа гарагт “Цаг агаарын иймэрхүү эрс тэс үзэгдэл ердийн үзэгдэл болж болзошгүй. Бид уур амьсгалын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, түүнээс урьдчилан сэргийлэх ёстой” гэж хэлсэн билээ.

Хөрш зэргэлдээ Япон улсын баруун өмнөд хэсэгт их хэмжээний бороо орсны улмаас үер бууж, дор хаяж зургаан хүн амиа алдаж, олон хүн сураггүй алга болжээ.

Японы Цаг уурын агентлагийн төлөөлөгч “Өмнө нь хэзээ ч ийм их хэмжээгээр бороо цутгаж байсан удаагүй” гэж мэдэгдээд, гамшигт өртсөн бүс нутгийн оршин суугчдыг дээд зэргээр сонор сэрэмжтэй байхыг уриалсан байна.

Филиппин, Камбожийн өмнөд хэсэгт үерийн улмаас нийслэл Манила, Пномпен зэрэг томоохон хотуудын тээврийн хэрэгслүүд их усанд “гацав”. Энэтхэгийн хойд нутгийн хэд хэдэн мужид хур тунадас олон арван хүний ​​амийг авч одсон талаар албаныхан мэдээлжээ.

Энэтхэгийн эрх баригчид долдугаар сарын 10-ны өдөр нийслэл Дели хотод 40 гаруй жилийн хугацаанд хамгийн их устай бороотой өдөр тохиосныг мэдэгдэв. Хүчтэй аадар бороо сургуулиудыг хаалгаа барихад хүргэж, олон хүнийг орох оронгүй болгожээ.

Зарим бүс нутаг үхлийн аюултай аадар бороотой тэмцэж байгаа бол зарим нь хэт халуунтай нүүр тулж байна.

Хятадын зүүн хойд хэсэгт байрлах цаг уурын станцын мэдээллээр, Даваа гарагт агаарын температур Цельсийн 52.2 хэм (125 Фаренгейт)-д хүрч, дээд амжилт тогтоосон бол Японд агаарын температур Цельсийн 39.7 хэм (103 Фаренгейт) хүрч нэмэгдсэн байна.

Хятадын таван цаг уурын станцын мэдээллээр, нийслэл Бээжин хотод долдугаар сарын эхээр агаарын температур 40 хэмээс давж халсны дараа буюу Даваа гарагт агаарын температур Цельсийн 50 хэмээс давж хэт халсан нь түүхэн дэх хамгийн их халуунд тооцогджээ.

Дэлхийн цаг уурын хямрал ийнхүү эрчимжиж байгаа тул албаныхан хоёр долоо хоногийн турш сэрэмжлүүлгийн улаан дохио өгөхийг уриалсан байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу