“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн явц байдлын талаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тодрууллаа.

-“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн явц байдлын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Дээрх хэрэгт Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас хэрэг бүртгэлтийн тодорхой ажиллагаа явуулж, яллагдагчаар татах санал гаргаж ирүүлсэн. Прокуророос хэргийг хянаад, цугларсан нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон нэр бүхий 4 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Тодруулбал, “Гацуурт” ХХК-ийн захирал Ч-ыг “хүнийг алахыг завдсан”, “хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх хэрэгт, тухайн газарт байсан нутгийн иргэд болох М, Б нарыг “Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгүүлсэн” гэх гэмт хэрэгт,

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн Засаг дарга Г-г “Хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгөхийг ятгаж, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн”, мөн “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллагдагчаар татсан. Одоо аймгийн Цагдаагийн газраас хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн Засаг дарга Б.Ганзориг “Намайг “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын талаар цахим орчинд худал мэдээлэл тараасан гэж яллагдагчаар татсан” гэж өөрийн цахим хуудсанд мэдээлэл оруулсан. Түүнийг бичлэг хийж, худал мэдээлэл тараасан гэж буруутгаж байгаа гэдэг үнэн үү? 

-Ташаа мэдээлэл байна. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн Засаг дарга Б.Ганзоригийг дээрх хэргийг шалгах явцад хохирогчоор тогтоогдсон нэр бүхий хоёр хүнийг ятгаж, худал мэдүүлэг өгүүлсэн, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан. Түүнийг олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тараасан гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаагүй болно.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу