НҮБ-аас тогтоосон Солонгос хоорондын хилийн бүсэд алба хааж байсан АНУ-ын нэг цэрэг хилийн чанга хатуу харуул хамгаалалтыг давж, Умард Солонгосын хилээр нэвтэрсэн хэрэг өнөө өглөө (2023.07.19) гарчээ.

Умардын тал хил зөрчсөн цэргийг саатуулсан байна. АНУ-ын зүгээс түүнийг дээрээс тушаал аваагүй, сайн дураар хил давсан гэж мэдэгджээ.

Байлдагчийг хил нэвтэрснээс хойш хэдхэн цагийн дараа буюу өнөө өглөө (2023.07.19) Умард Солонгос Зүүн тэнгисийн чигт хоёр баллистик пуужин хөөргөсөн байна. Пуужин хөөргөсөн нь зөвшөөрөлгүй хил давсан байлдагчийн асуудалтай холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Хил зөрчсөн байлдагчийг Травис Кинг гэдэг. Тэрбээр 2021 онд Өмнөд Солонгост ирж, алба хааж эхэлжээ. Одоогоор түүнээс ямар нэгэн сураг ажиг дуулдаагүй байна гэж АНУ-ын Өмнөд Солонгос дахь цэргийн коммандлагч мэдэгдэв.

Хоёр Солонгосын хил дээрх энэхүү цэрэггүй бүс нь дэлхий дээрх хамгийн өндөр хамгаалалт бүхий газруудын нэг бөгөөд газар доорх бөмбөг, цахилгааны утсуудаар хүрээлэгдсэн, 24 цагийн турш харуул хамгаалалт гардаг бүс юм.

Эх сурвалж: Монголын мэдээ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу