Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Үйлдвэр эрхэлсэн дарга, Монгол Улсын гавьяат тамирчин, хурандаа Б.Цэвээндаш Улаанбаатараас Хэнтий аймгийн Дадал сум хүртэл 608 километр зам туулахаар 12 дахь өдрөө гүйж байна.
Тэрбээр Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангийн түүхт 50 жилийн ой, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-т зориулан гүйж байгаа юм.
Хурандаа Б.Цэвээндаш 18-ны 13.00 цагт 402 километр зам туулж, өөрийн төрсөн нутаг болох Бэрх тосгонд хүрсэн бөгөөд тус тосгоны удирдлагууд түүнийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ.
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Цэвээндаш энэхүү гүйлт нь төрийн цэргийн алба хаагчийн бие бялдрын бэлтгэлжилт, тэсвэр хатуужлыг харуулах, спортоор хичээллэх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалах зорилготойг онцолсон юм.
Мөн тэрбээр 2012, 2016 онд дэлхийн дээвэр Эверестийн оргилд Монгол Улсын төрийн далбааг хоёронтаа мандуулсан бахдам амжилтаараа 2016 оны “Шилдэг тамирчин”-аар шалгарсан билээ.
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу