Стокгольмын цагдаагийн газраас зөвшөөрөл авч, Коран судар шатаасан үйлдлийг эсэргүүцсэн хэдэн зуун мянган жагсагч өчигдөр (2023.07.19) Багдад дахь Шведийн Элчин сайдын яам руу халджээ. “Reuters” агентлагийн эх сурвалж болон гэрчийн мэдээлснээр, жагсагчид дипломат төлөөлөгчийн газрын байрыг шатаасан байна.

Тус Элчин сайдын яамны ажилтнуудаас бэртэж гэмтсэн хүн байхгүй байгаа аж. Багдад дахь Шведийн Дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид жагсагчид Элчин сайдын яам руу дайрч, галдан шатаасан тухайд тайлбар өгөх хүсэлтэд ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Багдад хотод өнгөрсөн зургадугаар сарын 30-нд мөн адил эсэргүүцлийн жагсаал болсон билээ.

Стокгольм хотын төвд Иракаас цагаачлан ирсэн, 37 настай Салван Момика гэх эр цагдаагийн газраас зөвшөөрөл авч, зургадугаар сарын 28-нд хотын төвд байх сүмийн ойролцоо Коран судрыг урж, хуудсаар нь гутлаа арчиж, мусульман шашинтнууд идэхийг цээрлэдэг гахайн мах дээр нь тавьж шатаан, дуулиан дэгдээсэн.

Дэлхийн лалын шашинтнууд тухайн өдөр гол баяруудын нэг болох Курбан баяраа тэмдэглэж байв.

Орон нутгийн эрх баригчид энэ үйлдлийг “зөвшөөрөгдсөн хэдий ч зохисгүй үйлдэл” хэмээн мэдэгдсэн байна. Ирак Коран судар шатаасан цагаачийг хүлээлгэн өгөхийг Шведээс шаардсан бол Багдад хотод эсэргүүцэгчид Шведийн Элчин сайдын яам руу дайрсан.

Ромын пап Франциск Стокгольмд Коран судар шатаасан үйлдэлд гутаж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр “Би ийм үйлдлийг хараад үнэхээр дургүйцэж, гутаж байна. Ард түмэн ариун гэж дээдэлж буй ямар ч ном сударт хүндэтгэлтэй хандаж, сүсэгтэнүүдийг хүндлэх ёстой. Үг хэлэх эрх чөлөөг бусдыг гутаан доромжлох шалтаг болгон ашиглаж болохгүй” гэж мэдэгдсэн юм.

Стокгольмын цагдаа нар өчигдөр (2023.07.19) Иракийн Элчин сайдын яамны гадна үүнтэй төстэй жагсаал зохион байгуулах хүсэлт хүлээн авчээ.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

  1. Шашиндаа үнэн ч хүмүүс өөр шүү,манайхан бол бусдийн идэш болж байгаагаа мэдэхгүй ганданлуугаа дайраад л

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу